Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Насан туршдаа үнэлэгдэх мэргэжил

10 жилийн өмнө
Бага сургуулийн сурагч байхад манай ангийн самбарын дээд талд “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяагджээ” гэсэн үг бичээстэй байдагсан..Энэ үгний учрыг ухан бодох тусам багш мэргэжлээрээ бахархаж,хэдэн муусайн багш нараа хайрламаар,бас өмөөрмөөр болдог юм. Багш нар маань хүүхэд шиг итгэмтгий цагаан зантай, хүний төлөө бүхнээ зориулдаг, сэтгэлийн хөөрөл саатал ихтэй,бусдад зааж зөвлөх дуртай хүмүүс.Магадгүй энэ нь мэргэжлийн онцлогтой холбоотой. Дөнгөж 50 хүрээд саяхан гавьяаныхаа амралтад суусан багштай хуучиллаа.Ач зээгээ харж хүүхдүүддээ туслах,бас юмыг яаж мэдэхэв багш нарт өгдөг засгийн тэтгэмж больчих ч юм билүү гэж бодоод ийнхүү шийджээ. Гайгүй сайн ажиллаж байсан нэр хүндтэй, чадалтай явсан нэг багш маань гудамжинд толгойгоо гудайлган,царай тааруухан явж байна.
Багш нь саяхан сайхан ханиа өвчнөөр алдсан,гэр эзгүй оргиод байж сууж чадахгүй хэцүү юмаа, ач зээгээ сургууль,дугуйланд хүргэдэг,авдаг ажил хийж өөрийгээ сатааруулж байна гэлээ. Уулзаж учирсан багш нар өөр өөрийн амьдрал ахуйгаа ярьж тайтгарахын сацуу сэтгэлийн дэм эрж байгаа нь харцнаас нь, ярианаас нь мэдрэгдэнэ.. Тэднийг тайвшруулах,зоригжуулах хэдэн үг хэлэхээс өөрөөр би яаж ч чадахгүй юм. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуайн “Багш” найраглал нь багшийн мэргэжил,хөдөлмөрийн онцлог, давуу талыг нүдэнд харагдтал яруу тансгаар дүрсэлсэн нь үе үеийн багш нарын унших дуртай “сүлд” бүтээл болсон юм.Багшийн сургуулийн үүдэнд дурсгалын хөшөөгөө босгуулсан ”Багш” найраглалын баатрууд Эрдэнэтэд олон бий. Гавьяаны амралтад гарахад дөхөж яваа болон ахмад багш нарт хэлэх үг цээжинд минь байна. Зах зээлийн нийгэмд хэн юу чаддагаараа хоолоо олж иддэг.Иймд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй бол шинэ нөхцөлд шилжиж дасах нь хэцүү зүйл биш ээ. Насаараа ардын хүүхдийг сургаж хүмүүжүүлсэн арвин баялаг туршлагатай багш та өөрийгээ үнэлэх цаг болсон. Таныг Шинэчлэлийн Засгийн газар үнэлж,эхчүүдийн хүүхдээ асрах хугацааг уртасгаж тэтгэмжийг нь нэмэгдүүлж,хүүхэд харах үйлчилгээг буй болгох гэж байна.Уг нь багш нарт энэ нь шинэ зүйл биш л дээ.Зүгээр л К.Марксын “Капитал” бүтээлдээ онолыг нь үндэслэсэн “Таваар-Мөнгө-Таваар” гэсэн харилцаа жинхэнэ утгаараа хэрэгжих юм. Та гэрийн багшийн ажлаа хийж,цөөн хэдэн хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэж, ном уншуулж, авьяасыг нь хөгжүүлнэ. Бусдад байхгүй ямар нэгэн чадвар танд байж л байгаа. Нэхэж хатгадаг,хөгжим, шатар тоглодог, эсвэл өөрийн хоббигоо хэрхэн хөгжүүлсэн,загас тэжээж, цэцэг арчилдаг юу чаддагаа шавьдаа зааж өвлүүлвээс тэр тань бяцхан иргэдэд эрдэм болох юм. Урьд нь та дандаа хөлсгүй хөдөлмөр эрхэлж байсан бол одоо эдийн засгийн үр ашигтай тооцоогоо хийгээд,аав ээжээс нь,бас төрөөс санхүүжигдэх болно.Иймд хууль батлагдтал хийх ажлаа төлөвлөж бэлтгэлээ базаах хугацаа танд байна. Зарим мэргэжил тэтгэвэр сууснаар үйлчлэхээ больдог. Тэгвэл багшийн мэргэжил насан туршийнх байдаг. Боловсрол бол “Насан туршийн” гэж төр засаг нэгэнт баталгаажуулсан тул та өөртөө итгэлтэй байж насан туршийн мэргэжлийнхээ жинхэнэ эзэн нь байх учиртай.
Багш танд сайн сайхныг ерөөе.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна