Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Орхон аймагт Зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?

9 жилийн өмнө
Ямар нэгэн мэдлэгийг дамжуулж байгаа процессийг зөвлөх үйлчилгээ гэдэг. Өөрөөр хэлбэл хувь хүн, албан байгуулагад учирж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийг хэлнэ. Зөвлөх хүнийг үйлчлүүлэгчид нас, хүйс, докторын зэрэг, цолоор нь сонгон авдаггүй. Тэдэнд тухайн ажлыг хийж гүйцэтгэх ажлын туршлага, ур чадвар л чухал байдаг. Зөвлөх үйлчилгээний салбар нь манай оронд шинэ учир төрийн дэмжлэг маш чухал ач холбогдолтой. Төр үндэсний зөвлөхүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах талаар бодлого боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ер нь Бээжингийн олимпоос манайх олимпийн аваргуудтай болсон. Тэднийг зөвхөн мөнгөөр биш чадварлаг сайн дасгалжуулагчийн ур чадвар,туршлагаар л аварга болсоныг ард түмэн мэднэ. Сайн дасгалжуулагчгүй тамирчин шиг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн урсгалаараа ямар ч бартимжаагүй, зөн билгээрээ явж өрсөлдөөн дунд нуга цохиулан өвдөг сөхөрч байгааг та бид бүгдээрээ харж байна. Энэ өрсөлдөөн гэхээсээ илүү арсалдаан болсон талбарт амь дүйж яваа ЖДҮ эрхлэгчид хэцүү байна. Тэдний завийг зөв жолоодохгүй бол хөмрөхөд бэлэн байна. Тиймээс тэднийг дэмжих туслалцаа үзүүлэх бизнес зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд маш олон хэрэгтэй байгаа юм. Орон нутагт бид хэрхэн үйл ажиллагаагаа явуулах, төр захиргааны байгууллагуудтай яаж хамтрах вэ, зөвлөх үйлчилгээний эрх зүйн зохицуулалт нь ямар байх вэ зэрэг асуудлыг ярилцах хэрэгтэй байна. Эрдэнэтэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага болон хувь хүмүүсийн 80 гаруй хувь нь бизнес зөвлөх үйлчилгээ үзүүлдэг учраас орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр цогц бодлого боловсруулан ажиллах нь зөв. ЖДҮ-ийг хөгжүүлэх нь зөвхөн төрийн юмуу, эсвэл төрийн бус олон нийтийн байгууллага ч юм уу, бизнес эрхлэгчдийн эр зоригийн асуудал бишээ. Энд бидний хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага зөвхөн төрийн гар хардаг салбар бас биш. Хөгжсөн оронд бизнесийнхэнтэйгээ хамтардаг. Манайд бол шинэ тутам учраас л одоохондоо төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх л хэрэгтэй байгаа юм. Энэ нь нэг талаар бид төрийн ачаанаас үүрэлцэж байна. Тэр утгаараа төрийн өмнө ч захиалагчийн өмнө ч давхар хариуцлага хүлээж байгаа юм. Ер нь ямар нэгэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгдөг, мониторинг хийдэг, ард иргэдэд мэдээллийг ил тод болгодог журмыг л ажил хэрэг болгох ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн төсөл боловсруулдаг мэргэжсэн зөвлөхүүдийг ч гэсэн сургаж авмаар байгаа юм. Юуг нь түрүүнд, алийг нь хоёрдугаарт тавих вэ? гээд тодорхой бодлогоор зохицуулах шаардлагатай. Одоо бүгд л уул уурхай руу дайрдаг болж. Газрын хөрсөнд дахь баялаг дуусвал яах юм бэ бүү мэд. Боловсруулах салбаруудыг хөгжүүлэн орон нутагт нэмүүн өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдсэн бодлого дутагдаж байна. Ийм учраас бид “Орхон аймгийн жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн цогц бодлого” боловсруулах шаардлагатай. Төр өөрийн үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд зарим нэг ажил үүргээ төрийн бус байгууллагад шилжүүлэх ёстой.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна