Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Хошуу нэмэхээр, хуруу нэмье

9 жилийн өмнө
Ардын сургаал болсон олон сайхан сургамжтай үгс бий. “Хошуу нэмэхээр, хуруу нэм” гэдэг үгийг хаврын бүтээн байгуулалтын энэ цаг үед хэлмээр бодогдов. Хотын иргэн хэн боловч өөрийн хэр чадлаараа орчноо тохижуулах, ногоон байгууламж буй болгоход хувь нэмрээ оруулмаар санагдана. Өглөөнөөс орой болтол шар хантаазтангууд хүмүүсийн хаясан цаас, татсан тамхины иш, орцныхоо гадна ууттай орхисон хог,гудамжинд уугаад чулуудсан шил лаазыг нь түүж цэвэрлэнэ. Тэднийг ажилтай болгох гэсэн шиг том багагүй хогоо ил хаяна. Байшингийн булан,тохой,гэрлийн шон тааралдсан газартаа эрчүүд морь харна. Биеэрээ үлгэрлэн дагуулж байгаа тул хөвгүүд тэднийг даган дууриаж хүмүүжнэ. Уг нь Эрдэнэт хот байгуулагдсан цагаасаа цэвэрч соёлчоороо ялгардаг байлаа. Хороо захиргаанаас “Иргэний үүргийн биелэлтийн үзлэг”гэж томоохон арга хэмжээ зохион байгуулж, бүх нийтийн их цэвэрлэгээнд хүн бүр оролцдог,орцныхоо хана, шал шавхайг сардаа нэг цэвэрлэдэг,гадна орчноо тохижуулж,”Соёлч орц”,”Соёлч өрх” шалгаруулдаг байсан. Хуучны юм бүхэн буруу,муу байгаагүй тул зарим нэг сайн жишээг туршлага болгон хэрэгжүүлж болмоор доо уг нь. Хүүхдийн живх,мөлжсөн ясаа цонхоороо хээв нэг чулууддаг хэвээрээ. Яаж удамшихаараа ингэж муу зүйл нь хурдан нэвтрээд байдаг юм бол гэж бодоод бодоод толгойд багтахгүй юм . Одоо цагт өөрөө хөдөлж хичээж ажиллахаас илүүтэй шүүмжлэгчид олширчээ.Зарим хүний санаанд таарах зүйл юу ч байхгүй. Монгол улсын төрийн тэргүүн бүх нийтээрээ мод тарих тухай зарлиг гаргасан. Зөвхөн ганц энэ зарлигийг ажил болгох гээд оролдъё л доо. Насанд хүрсэн хүн болгон жил бүр нийтийн эзэмшлийн газарт нэг мод тариад байхад Эрдэнэт хот сайхан цэцэрлэгтэй болно. Бидний амьсгалах хүчил төрөгч нэмэгдэнэ.Үүний ачаар үр хүүхэд маань эрүүл өсч торнино. Энд зохион байгуулалт л үгүйлэгдэж байна. Иргэдийг хот тохижилтын ажилд оролцуулж, мод суулгацыг нь нэгдсэн журмаар авчирч өгөөд,өрх бүрээс тарьсан нэг ширхэг модны үнийг нь байрны хөлсөн дээр нэмээд авахад дургүйцэх хүн гарахгүй л болов уу. Ургуулах гэж ядаж байгаа тарьсан модны мөчрийг хугалж, тарьсан зүлгэн дээр нь машинаа тавих нь наад захын зүйл. Санаачилгатай нэг нь орцныхоо үүдэнд ганц нэг мод тарьж,цэцгийн үр суулгаад нэмэргүй. Хийсэн ажлыг нь дэмждэггүй юмаа гэхэд лай болохгүй байдаг бол гэж бодогдох л юм. Ногоон байгууламж бий болгох гэж авчирч тарьсан суулгацыг суга татаад, бас болоогүй дээгүүр нь тоох ч үгүй сагсны бөмбөг залаад гүйх учир мэдэх болсон дэнхгэр том хүүг хараад харамсах сэтгэл төрлөө. Орон сууцны хороолол доторхи зам ярьдагсан бол мөн ч олон зүйлийг өгүүлэхсэн. Саяхан найз бүсгүй маань шинэ гутлаа замын хавтангийн төмөрт урсан тухайгаа хуучилж байсан.Ийм тохиолдол хэдэн жилийн өмнө надад ч бас тохиолдсон юм. Цасанд дарагдсан хуучин хавтангийн төмрийг мэдэлгүй өвлийн гутлаа том гэгчийн зуруулчихаад түүнээс хойш яаж ч тослоод тордлого авахаас өнгөрсөн юм.

Дөч шахам жил болж байгаа явган хүний замын иймэрхүү хавтанг авч хаяад хөрсөөр нь байлгавал, ядаж гуталд гамтай,өвөл тэшиж унахгүй,бас хүүхэд хөгшид явахад унах бэртэх аюулгүй болохсон. З0-40 жил болоход хэдэн мянган хүн энэ хавтан дээгүүр явж, аргагүй л элэгджээ,хөөрхий. Ер нь тэгээд байшинд амьдардаг болсоор бид туйлын залхуу болж,хүүхдүүд маань бүүр ч илүү залхуу,идэвхгүй нэгэн болж өсч хүмүүжиж байгаа нь үнэн. Хог түүж,орон гэргүй архи ууж, орц хонгилоор тэнүүчилдэг БОМЖ-ууд сүүлийн үед манай хотод олширчээ. Өглөөд Уурхайчин багийн зарим нэгэн байрны ОО давхар,Спорт цогцолбор,хүнсний захаар тэд хөлхөлдөж, архи нь гараагүй бололтой хоорондоо хэрэлдэж муудалцаж, цэвэрлэсэн талбай дээр морь харж,бөөлжих нь ердийн гэмээр үзэгдэл болж.

Тэр дунд залуу,дунд насны бүсгүйчүүд яваа нь бүр ч харамсмаар.Нийтийг хамарсан хөдөлмөрт тэднийг хамруулж,хоногийн хоолыг нь хөлсөнд нь өгвөл... гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Дөрвөн хананы дундах цэвэр байвал боллоо гэж бодолгүй гадна орчноо тохижуулах,ногоон байгууламжтай болоход хүн бүр оролцох, тэрхүү оролцоог нь дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Гэр хорооллынхон ч ялгаагүй,хогоо ил задгай хаядаггүй, хүүхдийн тоглох наадам,хөгшчүүл тухлан суух талбайтай болоход өөрсдийн оролцоо дутаад байна уу? даа. Хэлдэг нь биш хийдэг нь олширч, хошуу нэмэлгүй хуруугаа нэмье.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна