Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Бид анхны хараацайнууд

9 жилийн өмнө
“Зууны манлай бүтээн байгуулалт” болсон Эрдэнэтийн түүхийг бичилцсэн бид азтай хүмүүс. Булган хотын төвийн 10 жилийн сургуульд сурч байхад манайх 1975 онд Эрдэнэт рүү нүүж, би дотуур байрны сурагч болсон юм.

Эрдэнэтийн ахлах ангийхан нь Булганд дотуур байранд байдаг. Хагас сайн өдөр гэр рүүгээ чөлөөгөөр харьж ирэхдээ орос талх, “Сайра” хэмээх загасны нөөш авчирч тасгийнхаа хүүхдүүдийг дайлдагсан. Намар сургууль цуглах гэж байтал ээж минь Увсаас элсэлт авчрахаар, аав нийслэлд сарын курст явж, би дөрвөн дүүтэйгээ үлдсэн юм. Сургууль эхлэх хугацаа ойртоод байтал нэг өдөр Геологийн тосгонд явж байгаад С.Цэндсүрэн захиралтай таарав.

- Энд 10 жилийн сургууль баригдах гэж байна. Шинэ сургуулийн барилга ашиглалтад удахгүй орно. 9-р анги бүрдсэн, одоо 10-р анги зохион байгуулна, чи эндээ сууна биз дээ гэв. Есөн жил суралцсан ангийхнаасаа яаж салахав, би Булгандаа сууна гэхэд минь,

-Алив зүйлд анхдагч болох хожим дурсамжтай шүү дээ гэв. Аав, ээж хоёр ч томилолтоор яваад ирсэнгүй, би арга буюу шинэ газрын, шинэ сургуулийн сурагч болсон юм. 1975 оны 9 сарын 1-ний өдөр сургуулийн шинэ барилга/ одоогийн “Эрдэнэт” цогцолборын хичээлийн II байр буюу 8-р сургууль/-ийн эхний хэсэг ашиглалтанд орж, ёслолын ажиллагаа болов.

Барилгачид, удирдах хүмүүс, багш нар гээд олон хүн үг хэлж, сургуулийн захиралд том түлхүүр гардуулж өгч байсныг тодхон санаж байна. Манай анги II давхрын булангийн хажуу талын жижиг өрөөнд 10 орчим ширээтэй анги. Эхлээд арван хүүхэд бүртгүүлж хичээллэв. Д.Долгормаа, Ж.Бямбасүрэн, Хишигбадрах, Н.Оюун, Г.Дамдинбазар, С.Пүрэвсүрэн, Б.Батзориг, Б.Удвал, Эрдэнэцэцэг , Д.Эрдэнэчимэг, Ж.Сарантуяа. хичээл эхлээд удахгүй бид Хангал сумын хадланд туслахаар 9-р ангийхантай явлаа. Б.Жүгдэр манай анги удирдсан багш байгаад, дараа нь Б.Ганбаатар гэдэг математикийн залуу багш дааж авсан юм.

Орос үг оруулж ярина. “Ну ладно” гэж ярианыхаа төгсгөлд хэлдэг, сурагчдын зөвлөл удирддаг нэлээд дайчин байрын багшдаа бид “Ну” гэдэг алдар хайрлалаа. Сургуулийн юм бүгд нь шинэ ширээ сандал, самбар. МУИС-ийг төгссөн залуу багш Д.Дашдондов астрономи, Хуягаа хими, монголын түүхийг Ж.Хандсүрэн, нийгэм судлал Хурган, орос хэл М.В.Петушинова, биологи С.Цэндсүрэн, физик Д.Жамбал, биеийн тамирын хичээл Балжинням багш заана.

Биеийн тамирын заалгүй учир гадаа орно. Өглөө бүр сургуулийн үүдэнд багш, удирдлагуудтай охид хормойгоо барьж, хөвгүүд гараа урдаа авч бөхийж мэндэлнэ. Бид цөөхүүлээ учир хоорондоо маш хурдан танилцсан. Ангидаа ширээний теннис тоглож, магнитофон тавьж бүжиглэнэ. Бас самбарын өмнө гарч дүр бүтээж тоглоно. Бидэнд хүүхдийн зохиолч Г.Сэсмээ монгол хэл, уран зохиолын хичээл заана. Уран зохиолчдын хөгтэй явдал, тэдний уран бүтээлийн тухай сайхан зүйл их ярина. Бүдүүн ороосон улаан тамхиа татан багшийн ширээн дээр суучихаад зохиол бүтээлийн тухай зөндөө хуучилна.

Хүү С.Жаргалсайхан нь манай ангийн ХЗЭ-ийн үүрийн дарга сонгуультай, их яриа хүүхэд байв. Цонхтой цаг дээр бид орос 20 төгрөгний үзэгний үзүүрт толгойг нь өлгөчихөөд сэтгүүлч сурвалжлагч болж тоглоно. Гадаадын зочидтой уулзаж, 2000 оны олимп Эрдэнэтэд болж байна гэх зэргээр мөрөөднө. Энэ зүйл маань бидэнд нөлөөлсөн үү, манайхнаас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан олон төрсөн юм. Ч.Нансалмаа аймгийн холбооны газарт инженер, Д.Туяа техникч, Х.Рина МҮТВ-д инженер, С.Пүрэвсүрэн аймгийн Нийтийн мэдээллийн төвд анхны оператор, СЖаргалсайхан бид хоёр Монголын радио телевизэд олон жил сэтгүүлчээр ажилласан. Ер нь манай ангийхан цөм сайн яваа билээ. Б.Удвал, Эрдэнэцэцэг, Ё.Ганхуяг нар эдийн засагч, Б.Батзориг, Ж.Сарантуяа нар уулын үйлдвэрт хэсгийн дарга, оператор. Д.Долгормаа, Ж.Бямбасүрэн нар төрийн албан хаагч, Н.Цэдэн-Иш, Ц.Энх-Оюун, Д.Эрдэнэчимэг нар багш, Н.Оюун эмч, Б.Одонтунгалаг, Хишигбадрах нар бизнес эрхэлж явна.

Тэр үеийн багш нар хатуу чанга шаардлагатай, биднийг өөрсдийн хүүхэд шиг санаж харьцдаг байв. Б.Жүгдэр багш дуугүйхэн хичээлээ зааж самбар дээр баахан тоо бодчихоод гарна. Би арын ширээнд суучихаад өвөр дээрээ “Монте Кристо гүн” роман тавьчихаад хичээл дээр нь уншиж гарна. Жүүгээ харчихаад загнахгүй, хүзүү, чих аяархан мушгиж сануулаад болоо. Харин Хурган багш бол өөр. Багшийн эргэлдсэн том алаг нүд, цэмцгэр ярианаас бид айна. Гоёж гоодох, бүр үсээ нэг сүлжих, хумс будах, үсэндээ элдэв хавчаар зүүхийг ч үзэхгүй.

Даалгавар хийгээгүй бол “Нүдээ чүдэнзний модоор тэвхдэж байгаад унш, өөрийгөө ялах хэрэгтэй” гэнэ. Жамбал багшийн хичээл их цонхолно. Хичээлийн эрхлэгч учир цаг заахад заримдаа төвөгтэй байсан биз. “Чимээгүй дуртай зүйлээ хий” гэдэг байв. Хүмүүжлийн эрхлэгч Ж.Хандсүрэн багш “БНМАУ-ын түүх” заадаг. Эмэгтэй хүний биеэ авч явах наад захын зүйлийг ч хэлж өгнө. Хараа дээгүүр, хөл чанга, гар хаяхгүй, гоё алхаж явж сур гээд өөрөө самбарын өмнө үзүүлнэ. Могшоо багш, найрал баян хуураа тоглож, концерт найруулаад ид гялалзаж байсан, ер нь бүгд сайхан багш нар байлаа, одоо ч та нараа дурсаж явдаг юм.

С.Цэндсүрэн багшийн биологийн хичээлээс өнөөдөр ДНК, РНК-ийн тухай сэдэв их л тод үлджээ. Биднийг 10-р ангид сурч байхад Эрдэнэттэй холбоотой олон үйл явдал болсон юм. Салхит-Эрдэнэтийн төмөр зам, анхны тэсэлгээ, шинэ олон объект ашиглалтанд орж билээ. Оросын 16-р сургуультай хамтарч уулзалт үдэшлэг, тэмцээн их зохионо. Д.Туяа багш маань хотын сагсны шигшээнд тоглоно.

Математикийн улсын олимпиадын III даваанд Ё.Ганхуяг , монгол хэлний олимпиадад С.Жаргалсайхан нар оролцож, улмаар С.Жаргалсайхан улсад түрүүлж, ЗХУ-д олон улсын сэтгүүлийн ангид суралцахаар Ереваны их сургуулийг зорьсон юм. Моника Викторовна багштайгаа би В.Пулькины орос хэлний зузаан цагаан номоор хичээллэдэг байсан. Би түүн шиг орос хэл уран зохиолын багш болохоор МУИС-д суралцаж, сэтгүүлчийн мэргэжил хожим нь давхар эзэмшсэн юм. Шинэ жилийн баяраа бид II давхрын коридортоо хийж, концерт тоглож, Д.Долгормаа “Ерэн баатрын тууль” уншиж, Ё.Ганхуяг бид хоёр орос дуу дуулсан нь өнөөдөр тодхон санагдана. Хүүхдүүд шилжиж ирсээр бид 21-үүл төгссөн юм.

Сүүлчийн хонхны хичээлийг манай астрономын багш Д.Дашдондов “Борын постулат” сэдвээр зааж, бид ангиараа хичээл заалгахаасаа илүү “Арав дахь хавраа үдье” дуугаа дуулж, би “Ромашки спрятались” гэдэг дуугаа дуулж, Петушинова багшаа уйлуулчихаж билээ. Сүүлчийн хонхны хичээл дээр багш нар зөндөө сайхан сургаал хэлсэн юм. С.Цэндсүрэн захирал маань их сургуулийн оюутан болоод нийгмийн идэвхтэй байж, өөрийнхөө чаддаг зүйлийг, тухайлбал, урлагийн үзлэгт оролцож дуулах, оюутны олон нийтийн ажилд идэвхтэй оролцохыг захиж билээ.

Тухайн үедээ бид анхны төгсөгч гэж монтажны зураг зөндөө авахуулсан, бас мөнгө өгсөн боловч, энэ нь бүтэлгүй өнгөрсөн юм. Хожим нь хүн бүрээс зураг авч монтаж хийх гэж нэг зорьсон боловч сурагч үеийн зураг нь олдохгүй учир амжилт олоогүй юм. Хонхны баярыг ангидаа тэмдэглэж орос дэлгүүрээс амттай болгоныг авчирч идэж ууж бүжиглэсээр өглөө нар мандахыг ангиараа харсан нь мартагддаггүй. Багш нартаа зүүж байсан галстукаа хүзүүнд нь зүүж өгч, сургуулийн захирал С.Цэндсүрэн багшийнхаа хэлснээр “21 алтан хараацай” өд нь урган гүйцээд тал тал тийш нисэн одсон юм.

Төрөлх сургуулийг минь олон зуун хүн төгссөн. Тэд сургуулийнхаа нэрийг гайгүй л гаргаж яваа. Монгол улсын Ерөнхий Сайдыг ч, гавьяат жүжигчинг төрүүлсэн, цаашдаа ч төрнө. Харин анхны төгсөгч 21 алтан хараацай эцэж цуцахыг үл мэдэн ид эрч хүчтэй нисч, амьдралынхаа төлөө тэмцэж явна. Хайрт багш нар, хамт олон, нийт төгсөгчдийн минь хийморь өөдрөг байг.

Анхны төгсөгч Ц.Ариунаа






Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна