Нийтлэлч
Ч.Энхчулуун

“Ав эсвэл өг” /ХӨРӨГ/

9 жилийн өмнө
Миний хувьд хийж үлдэх эсвэл арчигдаж алга болох, ав эсвэл өг гэдэг дүрэм үйлчилдэг. Дүрмийг дагахаас гадна өөрөөр зохиох гэдэг зүйлийг би мэднэ” гэж жирийн л нэг Монгол залуу хэлжээ. Энэ бол Монгол репийн хоёр дахь үеийн төлөөлөл Десант /Desant/. Тэр хамгийн түрүүнд өөрийнхөө дүрмийг өөрөө ягштал мөрдөж гэмээ нь бусдаар мөрдүүлнэ гэдгээ хэдий нь ойлгосон нэгэн. Байгаа байдал нь эсвэл хэлсэн үгс нь зарим хүнд таалагддагүй ч байж магад. Гэхдээ тэр бусдаас магтаал ч, шүүмжлэл ч тэр сонсох дургүй аж. Бүр хэн ч өөрийг нь шүүмжлэх эрхгүй гэж үздэг.

Үүнийгээ тайлбарлахдаа “Би амьдралынхаа суурийг өөрөө цутгасан. Тоосгоо ч өөрөө өрж байна. Тиймээс үүнд хэн нэгний бодлыг тусгах албагүй” гэж хэлдэг. Хүн бүрт ихэнх цагаа өнгөрөөдөг “хоёр дахь гэр” гэж байдагын адил Десантийн хоёр дахь гэр бол дуу бичлэгийн студи. 2000 оны эхэн үеэр уран бүтээлээ хийж эхэлсэн ч тухайн үед хийсэн бүтээлүүд нь хүн бүрт хүрч байгаагүй.

Харин дотны найзуудтайгаа байгуулсан “Гангста сервис” /Gangsta servise/ бүлгийн дуунууд нь 2006 оноос хип хоп сонсогчдын сонирхолыг татаж эхэлсэн. Тухайн онд түүнд реппер Жий /Gee/ санал тавьж тэрээр “Клик клик бүүм” /Click Click Boom/ бүлгийн нэг хэсэг болсон юм. Үүнээс хойш харъяалагддаг хоёр бүлгийнхээ хэд хэдэн цомгийн ажилд оролцсон.

Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд “Хастла Мюзик” /Hustla musiс/ төслийг хэрэгжүүлсэн. Уг төслөөс Блайк /Black/, Мэх захгүй зэрэг олон уран бүтээлчид төрөн гарсан юм. Дээрх төслийг хэрэгжүүлэхдээ Десант өмнөхөөсөө шат ахисан гэж хэлхэд болно. Яагаад гэвэл “Хастла Мюзик” /Hustla musiс/ төслийн удирдагч, продьюсер болон зарим ажлын санхүүжүүлэгч нь тэр байв. Түүнтэй хамтарч ажилладаг уран бүтээлчдийн нэг болох Жакүүл /Jacool/ хэлэхдээ “Цаадах чинь цаг, төлөвлөгөөгөө дагаж ажилладаг. Ажил хэрэгч зан чанартай хүн. Эр хүний хувьд сайн аав.

Бас сайн найз даа” гэсэн юм. Одоо тэрээр “Байк яард” /Backyard/ нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд хэд хэдэн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Мань эр хийж байгаа бүтээлүүдээ мөнгөнд зориулж хийдэггүй. Авъяастай залуусыг олж тэднийг өөрсөдийнх нь өнгө аясаар нээснээр мөнгө олж болно гэж үздэг. Энэ тухайгаа “Гудамжинд үглээд зогсож байгаа авъяастай жаалд боломж олгох нь миний хийхийг хүсдэг зүйл” гэж ярина.

Энэ нь ч аргаггүй биз. Өөрөө яг тэр цэгээс эхэлж хийсээр одоо байгаа суурин дээрээ ирсэн юм чинь. Олны мэдэх Десантад эцэг эхээс өгсөн нэр нь Г.Батболд. Энэ залуу 1988 онд Завхан аймгийн Яруу суманд төржээ. 1998 он хүртэл буюу дөрөвдүгээр ангид орох хүртлээ сумын төвд сургуульдаа сурч зуны амралтаараа мал дагаж явсан нэгэн. Ингээд 1998 онд нийслэлд шилжин суурьшсан байна. Десант болон Г.Батболд хоёрын дунд тодорхой ялгаа бий.

Нэг хүний хоёр тал гэсэн үг л дээ. Г.Батболд бол түүний гэнэн томоогүй бага нас. Харин Десант бол түүний өөрчлөлт буюу нас бие, үзэл бодол төлөвшсөн эр хүн юм. Насанд хүрч өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тайзны нэрээ ашигладаг болсон болохоор тэр. Реп дуунд ёс бус хэллэг агуулагддаг. Десантийн бүтээлд ч ялгаагүй. Харамсалтай нь түүнийг сонсдог өсвөр үеийнхэн үүнийг шууд тусгаж авах тохиолдол цөөнгүй. Ингээд репперүүд эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгархад хүрдэг.

Энэ бол аль ч улсын реп хөгжмийг тойрсон асуудлуудын нэг л дээ. Гэмт хэрэг түүний золиос болж буй хүүхэд, эмэгтэйчүүд эсвэл архидалт хавтгайрч буй гэр хорооллын талаар дуулахад уран яруу үг хэллэг хэрэглэх нь хэр зохимжтой байх бол. Нөгөө талаар, нийгэмд байгаа тэгш бус хувиарлалтыг эсэргүүцэж буйгаа хатуу үгээр хэлэх нь магадгүй илүү олон хүний чихийг онгойлгоно. Харамсалтай нь хүмүүс түүнийг дууных нь хэллэгээр шууд тусгаж авах нь бий.

Энэ нь мэдээж өөрт нь таалагддаггүй. Муу зүйлийг байгаагаар нь харуулж байж таны анхаарлыг тухайн асуудалд хануудлах нь тэр болоод түүний хүрээлэлийн гол зорилго. Магадгүй өсвөр үеийнхэн маань реп дуунд авах гээхийн ухаанаар хандах нь зөв болов уу. Десант “Хүчил төрөгчийг би хөгжимнөөс авч сурсан” гэж дуулдаг. Энэ нь түүний амьдралын салшгүй нэг хэсэг нь хөгжим болсонтой холбоотой. Тэр бол Монгол репийн хоёр дахь үе. Тэдний өмнө “Дайн ба Энх” тэргүүтэй хэд хэдэн хамтлагууд эрэмбэлэгддэг. Харин одоо хорь гарч яваа репрүүд энэ урлаг руу татагдан орсон шалтгаан нь хоорондоо их төстэй.

Бүгд л гадаад, монгол хамтлагуудын дууг фм-ээс “кассет”-нд буулгаж ургаш, хойш гүйлгэж үгийг нь бичиж аваад даган дуулдаг байв. Г.Батболд гэх хүү ч ялгаагүй ингэж л хөгжимд татагдан орсон нэгэн. Гэхдээ найзууд нь реп сонсчихоод тухайн дууныхаа үйл хөдлөл, үг хэллэгийн талаар ярьдаг байсан бол манай залуу дууны утгыг нь ойлгохыг хичээж байсан гэдэг. Энэ бол хэлбэрт биш агуулгад анхаарлаа хандуулдаг реппер Монгол улсад бэлтгэгдэж байсан үе юм.

Өдгөө Десант бие дааж студийн хоёр цомог гаргаад байна. Дуу болгон нэг санааг хэлдэг ч хамгийн их давтагддаг зүйл нь “жинхнээрээ” \өөрийнхөөрөө\ байхыг хүмүүст уриалдаг. “Өнөөдрийн нийгэмд хүн өөрийнхөөрөө амьдрах боломж 12 хувь байна. Үүнийг улс төр, мөнгө бий болгосон. Мөнгө намайг өөрчилж чадаагүй ч, миний эргэн тойрныг өөрчилсөн” гэж тэр ярина. Тийм ч учраас тэр хаана ч өөрийнхөөрөө байдаг нэгэн. Өөрийнх нь үзэл бодол түүний хувьд “үл хөдлөх хөрөнгө”.Тэрээр саяхныг хүртэл амандаа үргэлж шүдэнз зууж явдаг байлаа.

Сонсогчид нь шүдэнз зуулгүй авхуулсан зургийг нь “Их гоё гарчээ. Гэхдээ шүдэнз зуусан бол бүр гоё байх байлаа” гэсэн агуулгатай сэтгэгдэл хүртэл үлдээнэ гээч. Яагаад үргэлж шүдэнз зууж явдаг байсан талаар нь түүнээс асуухад “Дээр үеийн орос шүдэнз их гоё шүүстэй ч юм шиг санагддаг байсан. Тэгээд л үргэлж зууж явдаг байсан. Харин сүүлийн үеийн шүдэнзний модны чанар муудаад байхаар нь больчихсон” гэж хариулана. Түүнээс гадна тэр ямар ч зүйлд ганцаараа явдаггүй сонин зуршилтай. Хол ч бай ойр ч бай заавал найз эсвэл дүүтэйгээ хамт явдаг. Хачирхалтай ч гэмээр зуршил байгаа биз.

Өдгөө тэрээр хүүхдийн аав, айл гэрийн ноён нуруу болжээ. Бусад залуу аав нарын адил гэр бүлийнхээ төлөө байдгаараа хичээнэ. Гэхдээ яаж ч хичээгээд хоол хийж сурахгүй байгаа талаараа найзууддаа хуучилна. “Зарим зүйл бол чиний бүх зүйл” гэж тэр дуулна. Түүний хувьд зарим зүйл гэдэг нь гэр бүл, найз нөхөд. Хамгийн их айдаг зүйл нь тэднийг алдах. Товчхондоо бол Десант өөрийн хүрээг, өөрийн үгээр хамгаалж яваа нэгэн юм.

Мэдээж тэр өөрийн эмэгтэйгээ олсон учраас уран бүтээлдээ хайрын сэдвийг огт тусгадаггүй. Түүнээс хүмүүсийн ойлгодог шиг цээж нь хоосон хүн биш аж. 2 Pac, Biggie-ийн сөргөлдөөнийг олон уншигч санах байх. АНУ-ын реп хөгжим баруун, зүүн эрэг гэж хуваагдаж байсан үе. Үүнтэй төстэй ч гэмээр зүйл өдгөө монголд бий болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ АНУ-тай харьцуулах хэмжээний хурцадмал биш л дээ.

Зүгээр л жоохон байхаасаа реп хөгжимд дурласан хүүхдүүдийн нэг хэсэг нь гэр хороололд өсөж нөгөө хэсэг нь хотын төвд өссөнөөс улбаатай зөрчил. Нэг нь Хотын төв гэж дуу хийнэ. Нөгөө нь Гэр хороолол гэж дуу хийнэ. Энэ зөрчилдөөн Десантийн харъяалагддаг “Клик клик бүүм” /Click Click Boom/ бүлэг болон “Ванкуйш” /Vaquish/ хамтлагийн дунд голлон өрнөсөн. Тэдний хэнд нь буруу өгөх билээ дээ. Хэн ч байсан өссөн орчиноо хамгаалах нь тодорхой. Гол нь хэн нь эхэлсэнд л учир бий. Энэ бол зөвхөн дуу хөгжмөөр дамжуулж болсон зөрчилдөөн гэдгийг сануулах нь илүүц биз.

Гэсэн хэдий ч Десант тэднийг огт үгүйсэгдэггүй. Бүр хүлээн зөвшөөрөнө гээч. “Монгол репд олон өнгө байх хэрэгтэй. Тэд биднээс ялгаатай. Гэхдээ тэд ч, бид ч байж гэмээ нь реп илүү хөгжинө” гэж үздэг. Энэ ч утгаараа тэр Монгол репийн ирээдүйг маш гэгээлгээр буюу өндөр түвшинд хүрч чадна гэж төсөөлдөг. Гэхдээ тооноос чанарт шилжих нь хамгийн эхний алхам гэж үздэг. Десантийг хар арьст репперүүдийг хэт хуулбарладаг гэж шүүмжилдэг хүн олон.

Гэхдээ тэр үүнийгээ байж болох зүйл гэж үздэг. “Монголын үндэсний бүжгийг брек дээнстэй /Break dance/-тэй хольчихвол утгаггүй. Яг үүн шиг репийг хэт өөрчилөх хэрэггүй” гэж тэр хэлж байсан удаатай. Ер нь ч дуунууддаа энэ үзлээ тодорхой буюу “Бөмбөрцөгийн маань соёл хаашаа явна түүнийг дагаж хөгжинө. Бүгдийг авдаггүй юмаа гэхэд өөхнөөс хэд хэрчинэ” гээд хэлчихсэн л дээ. Монголд реп хийгээд мөнгө олж байна уу? гэсэн асуулт түүнд нэг бус удаа ирдэг байх.

Мэдээж ийм зах зээлд тийм ч их мөнгө хийж чадахгүй. Тиймээс тэр уран бүтээлээс гадна хэд хэдэн төрлийн “зүйл” хийдэг. Үүнийгээ тэр “Хастла” /Hustla/ хэмээн нэрлэдэг. Энэ нь толь бичигт луйвар гэж буух боловч гудамжинд хийдэг наймаа гэх утгаараа өргөн хэрэглэгддэг. Түүнээс гадна тэр удахгүй “Ди сайз” /D-size/ нэртэй хувцасны брэнд гаргахаар ажиллаж байна. Ирээдүйд тэр өөрийн гэсэн хэрэм \цайз\ босгох зорилготой.

Энэ нь реп хөгжим хийдэг өөрийн хүрээллийг илүү өргөжүүлж, чадавхижуулах гэсэн агуулагатай аж. Харин мөрөөдөл нь “Хийхээ хийчихээд, үр хүүхдээ сайн явааг нь харж эхнэртэйгээ хамт халуун цай уух” гэнэ. Харин дуугаараа хэлж байгаа үгсийг нь хэн ч тоохоо байвал үүнийг хийхээ больчихож болно гэдгээ ч хэлдэг юм.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна