Нийтлэлч
Нийтлэлч М.Батчимэг

Түүхэн цаг үе ба Монголын ирээдүй

8 жилийн өмнө
БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар удахгүй Монгол Улсад айлчлах гэж байна. Олон улсын харилцаа, түүний дотор Орос-Хятадын харилцаанд чанарын томоохон өөрчлөлт гарч байгаа цаг үед хоёр хөршийн тэргүүн ийнхүү хэдхэн хоногийн зайтай дараалан айлчлах гэж байгаа нь монголчуудын төдийгүй гадны олон орны ажиглагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Ийм үед олон улсын харилцаанд гарч байгаа өөрчлөлтүүд, тэдгээр нь айлчлалд төдийгүй урт хугацаанд гурван орны харилцаа, цаашилбал Монгол Улсын ирээдүйд хэрхэн нөлөөлж болох, айлчлалыг гадныхан ямар нүдээр харж байгаа, бидний хүлээлт юу болох зэрэг асуудлаарх байр сууриа уншигчидтай хуваалцахыг зорилоо.

Гадаад орчин хийгээд цаг хугацааны онцлог

Аливаа хоёр орны харилцааны өнгө аяс ямагт олон улсын харилцааны ерөнхий хандлага, тухайн орнуудын дотоод гадаад нөхцөл байдал, бусад орнуудтай харилцаж байгаа харилцааны өрнөл, нөхцөл гээд олон хүчин зүйлтэй холбоотой байдаг. Айлчлалын хувьд ч ялгаагүй. Хөрш орны дарга нар манайд ямар бодол, сэдэл тээж, ямар тодорхой зорилготой ирэх вэ гэдэг нь тухайн улс орны дотоод гадаад амьдрал, айлчлан ирж буй дарга нарын зүгээс түүнд хандаж буй хандлага, сэтгэлзүйн нөхцөл байдал ямар байхаас шууд хамаарна. Иймээс айлчлалын зорилго, агуулга, түүнээс гарах үр дүнг зөвхөн талуудын хүрээнд яригдаж байгаа хэдэн асуудлаар, эдийн засгийн хамтын ажиллагааны хэдэн төслөөр хязгаарлаж ойлговол хэт явцуу болно.

Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Хятад, Оросын дарга нарын энэ удаагийн айлчлал монголчууд бидний ирэх он жилүүдийн амьдралд ихээхэн нөлөөтэй байж болох, Монгол болон хөрш орнуудын харилцааны ерөнхий өнгийг тодорхойлох ихээхэн чухал айлчлал болох гэж байна. Ингэж үзэх болсон гол шалтгаан нь айлчлалууд олон улсын харилцаанд хүчний дахин хуваарилалт явагдаж, их гүрнүүд тус тусын ашиг сонирхлоо хамгаалах, байр сууриа бэхжүүлэхээр эрчимтэй өрсөлдөж байгаа ээдрээтэй бөгөөд эгзэгтэй цаг үетэй давхцаж байгаатай холбоотой. Үүгээрээ Си Зиньпиний айлчлал 11 жилийн өмнөх Ху Зинтаогийн айлчлалаас, Путины айлчлал 5 жилийн өмнөх Медведевийн айлчлалаас ялгаатай. Бид өөрчлөлтийн ирмэг дээр байна.

Хоёр туйл уу? Олон туйл уу? Хаос уу?

Хүний нийгмийн амьдралыг хүч, нөлөө хэмээх ойлголтуудаас салгаж ойлгох аргагүй. Дэлхий дахинд хүчирхийлэл, дайн зонхилох уу, тайван амьдрал, хөгжил цэцэглэлт үргэлжлэх үү гэдэг нь хүчний төв хаана, хэнд хадгалагдаж, түүнийг хэрхэн ашиглаж байна вэ гэдгээс ихээхэн хамаардаг. Олон улсын харилцааны онолд олон улсын хэмжээнд аль болох цөөн, тухайлбал хоёр юм уу эсвэл нэг том хүчний төв оршиж байвал дэлхий харьцангуй тогтвортой байдаг гэж үзэх хандлага бий. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ЗХУ хийгээд АНУ тэргүүтэй хоёр сөргөлдөгч бүлэглэл харилцан бие биеэ тогтоон барьж байсан хоёр туйлт тогтолцоо 1990-ээд оны эхэн үеийн ардчиллын давалгаа, ЗХУ-ын задралтай хамт нуран унасан. Үүний дараа эдийн засаг, цэрэг, улс төрийн хүч нөлөөгөөр АНУ-тай өрсөлдөх гүрэн байхгүй болж, дэлхийн хэмжээнд үндсэндээ нэг туйлт хэлбэрийн дэг журам буй болсон юм.

Хорьдугаар зууны сүүлчийн арван жилийг ОХУ Зөвлөлтийн задралын дараах шок, улс төр, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаа даван туулах гэж хичээсээр үдсэн бол өмнөд хөрш БНХАУ эдийн засгийн эрчимтэй өсөлтөө ямар ч хамаагүй үнээр хадгалах, Тянь Аньмэний хэрэг явдлын дараах олон улсын ганцаардлаас гарч, олон улсын харилцаагаа хэвийн байлгахад чармайсан. Манай хоёр хөрш хоёулаа Америкийн хүч нөлөөг дургүй ч гэсэн хүлээн зөвшөөрч байлаа. Орос, Хятадын аль аль нь олон улсын харилцаанд “нэг хэт их гүрэн, бусад хүчтэй гүрэн болон хүчний төв” оршиж байна гэж үзэж, цаашид аажмаар бүрэлдэн тогтох системд өөрсдийгөө хүчний тэнцвэрийн нэгэн төв болох ёстой гэж үзэж байв. Шинэ зуун гарсны дөнгөж дараахан буюу 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ руу довтолсон террорист халдлага дэлхий дахиныг цочроож, энэ үйл явдлаас хойш болсон олон цуврал үйл явдал, онцолбол АНУ Иракийг эзэлсэн, Афганистанд цэрэг оруулсан, 2008, 2009 онд санхүүгийн ноцтой хямралд орсон зэрэг үйл явдлууд дэлхийн цорын ганц хэт их гүрэн АНУ-ын хүч, нөлөөг сулруулахад хүргэжээ. Аливаа улс орны хүч нөлөө зөвхөн хөрөнгө мөнгө, зэр зэвсгийн тоогоор хэмжигддэггүй. У

лс орны дотоодод ч бай, улс хоорондын харилцаанд ч бай оюун санаа, ёс суртахуун, үнэт зүйлээрээ бусдад үлгэр дуурайл болж, хүлээн зөвшөөрөгдөх нь манлайлагч байх хамгийн чухал үндэс суурь болдог. АНУ-ын хувьд Ирак, Ойрхи дорнодод хийсэн амжилтгүй дайн, цэргийн ажиллагаанууд, ойрын нөхөр, түнш орнуудынхаа удирдлагыг хүртэл тагнаж чагнасан гэх мэдээлэл, дотоодынх нь улс төрийн гацаа, хүндрэл бэрхшээл олон улсын нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байна. Америкийн талаарх шүүмжлэл олон улсын хэмжээнд газар аваад зогсохгүй тус улсын дотоодод ч их гүрний ухралтаа хүлээн зөвшөөрөх хандлага ажиглагдаж эхэлжээ. Америкийн нөлөө ганхахтай зэрэгцэн Хятадын эдийн засаг, цэргийн хүч улам зузаарч, олон улсын тавцан дахь өнөөгийн байр суурь нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Си Зиньпин тэргүүтэй Хятадын шинэ үеийн удирдлага Дэн Сяопиний алдарт захиас, түүний дараах үе үеийн удирдлагуудын тууштай баримталж ирсэн “хүчээ нууцалж цагийг хүлээ, тэргүүлэгч байх гэж бүү яар” гэдэг бодлого үүргээ гүйцэтгэж дууссан гэж үзсэн үү, гадаад харилцаандаа урьд өмнөхөөс хавьгүй идэвхтэй байр суурь баримталж эхэлснийг дэлхий нийт онцлох болов.

Хэдхэн жилийн өмнө Обамагийн эхний засгийн газар байгуулагдсаны дараахан Америкийн зүгээс санал болгож байсан дэлхийн хэмжээний “хариуцлагатай их гүрэн”, “G2” зэрэг хамтын ажиллагааны бодлого, хэлбэрээс Хятадын тал болгоомжлон цэрвэж, өөрийнхөө асуудалд анхаарахыг илүү чухалчилж байлаа. Тэгвэл өнөөдөр Хятадын шинэ удирдлага “Хятад- Америкийн харилцаа дэлхийн нийтийн хувьд хамгийн чухал хоёр талын харилцаа” болохыг, мөн БНХАУ дэлхийн нийтийн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэх болсныг онцолж байна.

Цаашид Хятад-Америкийн харилцаа өнгөрсөн он жилүүдийн өнгө аясаа хадгалах уу, эсвэл зөрчил мөргөлдөөн давамгайлж эхлэх үү гэдэг асуудал зүй ёсоор анхаарал татаж байна. ОХУ-ын хувьд ч олон улсын харилцаан дахь хүч нөлөөгөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч, энэ хүрээнд Путины засаглалын эхний он жилүүдээс олонд танил болсон “ойрхи хилийн чанад” (ближнее зарубежье) буюу хуучин ЗХУ-ын харьяанд байсан орнуудад нөлөөгөө бэхжүүлэх бодлогыг тэргүүн ээлжинд чухалчилж ирэв. Өөрөөр хэлбэл өнөөгийн Орос улс хуучин ЗХУ-ын хэмжээнд нөлөөллийн хүрээгээ сэргээн тогтоож, бэхжүүлэх нь олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх суурь болно хэмээн үзэж ирэв. Сүүлийн үед дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Украйны асуудлаарх ОХУ-ын байр суурийг ч энэхүү бодлоготой холбон тайлбарлаж байна.

ОХУ мөн Ази руу гадаад бодлогоо эрчимжүүлэхэд улам анхаарч байна. ОХУ Украйны асуудлаас үүдэн Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын шахалтад орж, улмаар БНХАУ-ын зүг эрчимтэй ойртсон сүүлийн хэдэн сарын үйл явцыг ажиглагчид хүчний харьцааг Хятадын талд улам ашигтай болгож байна гэж үзэж байна. Өнгөрсөн тавдугаар сард Орос-Хятадын хооронд арав гаруй жил яригдаад шийдлээ олоогүй байсан хийн хоолойн асуудал гэнэт гацаанаас гарч, Путин өөрөө Шанхайд очиж, хоёр орны хооронд дэлхийд хамгийн томд тооцогдох 400 тэрбум ам.долларын хэлэлцээрийг байгуулсан нь ийм дүгнэлт хийхэд нөлөөлсөн гол үйл явдал болсон. Орос-Хятадын удирдагчид энэ онд нийт таван удаа нүүр тулж уулзах төлөвтэй байгаа бөгөөд үүний хоёрт нь Путин өөрөө Хятадад очих бөгөөд бусад уулзалт гадаад орнуудад болох олон улсын арга хэмжээний үеэр болох ажээ.

Орос – Хятад – Америкийн харилцааны ийм нөхцөл байдлаас үүдэн манай хоёр хөрш нэгдэж АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын эсрэг тэнцвэр барих хүйтэн дайны үеийн хоёр туйлт хэлбэрийн тогтолцоо тодорхой хугацаанд дахин сэргэх гэж байна уу гэдэг асуултыг олон хүн дэвшүүлж байна. Гэвч олон улсын харилцаанд бодитой нөлөөлөх тоглогчид зөвхөн энэ гурван орноор хязгаарлагдахгүй. Европын холбоо хэдий эдийн засгийн бэрхшээлтэй байгаа ч олон улсын харилцаанд өөрийн байр сууриа хадгалахыг хичээж байна. Дэлхийн эдийн засгийн гурав дахь том гүрэн Япон дэлхийн хоёрдугаар дайны сүүдрээсээ гарч, улс орноо хамгаалах, шаардлагатай үед хилийн чанадад үүрэг гүйцэтгэх чадавхтай зэвсэгт хүчинтэй болох, батлан хамгаалах аюулгүй байдлын тогтолцоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Тэрбум гаруй хүн амтай, дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Энэтхэгт улс төрийн шинэ хүчин засгийн эрхэнд гарч эдийн засгаа бэхжүүлэх, улмаар гадаад бодлогоо дахин тодотгохоор чармайж эхэллээ.

Ийм орчинд саяхан дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг залгуулан Бразилд болсон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг, Бразил зэрэг томоохон ардчилсан орнууд БРИКС-ийн хүрээнд АНУ төвтэй олон улсын санхүүгийн тогтолцоог сөрөн БРИКС-ийн банк байгуулах Хятад, Оросын санаачлагад нэгдэв. Олон орны ажиглагчдын анхаарлыг татаж, маргаан мэтгэлцээний сэдэв болж байгаа энэ үйл явцыг олон улсын дэг журам, хүчний тэнцвэрийн статус кво өөрчлөгдөж, том орнууд энэ хөдөлгөөн дунд өөр өөрийн хүч нөлөө, байр сууриа бэхжүүлэх, харилцааны шинэ тэнцвэр буй болгохын төлөө өрсөлдөж байгаагийн илрэл гэхээс өөр аргагүй юм.

Цаашид дэлхийн хэмжээнд АНУ, Хятад тэргүүтэй хоёр туйлт хэлбэрийн шинэ тэнцвэр тогтох уу? Эсвэл олон улсын харилцаа аажмаар хоёроос илүү төвтэй олон туйлт хэлбэрийн харилцаанд шилжих үү, түүний дотор манай умард хөрш ОХУ шинээр хүчээ авч, АНУ – ОХУ – БНХАУ-ын харилцааны гурвалжин дотор бие даасан байр суурьтай том тоглогч болж үлдэж чадах уу? Эсвэл энэ бүх оролдлого аль нь ч төдийлөн амжилт олохгүйгээр хаос хэлбэрийн тогтворгүй байдал олон улсын харилцаанд бий болох уу? Үгүй бол ОХУ, БНХАУ-ын дотоодод хүндрэл, тогтворгүй байдал бий болж АНУ тодорхой хугацаанд давамгай байдлаа хадгалах нөхцөл бүрдэх үү? Энэ мэт асуултууд хариултаа хайж, олон улсын шинжээчид, эрдэмтэн мэргэд өөр өөрийн үндэслэл, таамгийг дэвшүүлж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орны хоёрынх нь дунд оршдог, геополитикийн онцгой байрлалаасаа үүдэн их гүрнүүдийн эрх ашгийн огтлолцол дээр аюулгүй байдал, хөгжил дэвшлийн хувь заяа нь тогтож байдаг Монгол Улсын хувьд дэлхийн дэг журам, түүнийг тодорхойлогч их гүрнүүдийн харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг анхаарахгүй байх аргагүй амин чухал асуудал юм. Энэ удаагийн айлчлалуудаас цагийн аяс мэдрэгдэнэ...

Ардчиллын гурав дахь давалгаа хаачив?

Олон улсын харилцааны ийм өрнөл, өөрчлөлтийн дунд анхаарал татаж байгаа бас нэг асуудал бол дэлхийн хэмжээн дэх ардчиллын ирээдүй. Өнгөрсөн зууны далаад оны сүүлч үеэс ерээд оны дунд үе хүртэл богинохон хугацаанд дэлхийн ардчилсан орнуудын тоо огцом хурдтай нэмэгдэж, нэрт эрдэмтэн Самуэль Хантингтон энэ үйл явцыг хүн төрөлхтний түүхэн дэх “ардчиллын гурав дахь давалгаа” гэж нэрлэж байв.

Хантингтоны шавь Францис Фукуяама дэлхий даяар шуугиан тарьсан “Түүхийн төгсгөл буюу сүүлчийн хүн” өгүүлэл, номоо туурвиж улс төрийн чөлөөт ардчилсан тогтолцоо бол хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн явцад буй болж байгаа сүүлчийн зөв сонголт хэмээн тунхаглаж байлаа. ЗХУ задарч, Орост ардчиллын төлөө хөдөлгөөн өрнөж, Хятадын нийгэмд ч ардчилал, эрх чөлөө шаардсан хөдөлгөөн эрчээ авч улмаар дэлхийг цочоосон “Тянь Аньмэний бослого”-ын дараа зогсонги байдалд орсон. Энэ өрнөл дунд Зүүн Европын хуучин социалист орнууд болон Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн билээ.

Харин өнөөдөр, ерээд оны эхэн үеийн хүчтэй давалгаанаас хойш хорь гаруй жилийн дараа дэлхийн ардчилал хаана явна? Одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө Европын холбоо болон НАТО-гийн гишүүн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “Унгар улс дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай байх, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд чөлөөт ардчиллаас татгалзана” хэмээн мэдэгдсэн нь олныг цочоосон үйл явдал болов. Тэрээр ОХУ, Турк, Хятад зэрэг орнууд ардчилалгүйгээр хөгжиж болж байгааг жишээ болгон дурджээ. Тус улсад одоогоос дөрвөн жилийн өмнө Орбан ерөнхий сайд болсон цагаас чөлөөт хэвлэл мэдээллийг хязгаарлаж, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тогтоож, ардчиллыг хязгаарлах үйл явц эхэлсэн гэж үздэг.

Өнөөдөр Тайланд, Турк зэрэг томоохон ардчилсан орнуудад үүнтэй төстэй ардчиллаас ухарсан алхмууд бодитой буй болжээ. Үүний зэрэгцээ Зүүн Европын хуучин социалист орнууд, шинээр ардчилал тогтсон Латин Америкийн олон оронд ёс зүйгүй улс төр, авилга хээл хахууль, эдийн засгийн хямралаас залхсан иргэд төр засагтаа үл итгэх болсон төдийгүй зарим оронд хүчтэй удирдагч, дарангуйлагчийг ч хүсэмжлэх болжээ. Ийнхүү эдийн засгийн хямрал, шинээр ардчилсан орнуудын засаглалын сул дорой байдал, ялзрал, зарим ардчилсан бус орнуудын эдийн засгийн хурдтай өсөлт зэрэг олон хүчин зүйл нийлээд олон улсын хэмжээнд ардчилалд эргэлзэх, тэр ч бүү хэл ардчиллаас ухрах хандлага буй болгож байна.

Ардчилсан болон ардчилсан бус дэглэмтэй их гүрнүүдийн хоорондын зөрчил нэмэгдэхтэй зэрэгцэн олон улсын хэмжээнд ардчилал ийнхүү ухралтад орох хандлага буй болсон энэ үед өрнөдийн зарим судлаачид дэлхийн хэмжээнд “ардчиллыг тогтоон барих, хязгаарлах зохион байгуулалттай үйл ажиллагаа идэвхжиж байна” хэмээн дүгнэх болов. Ардчилалд шилжсэн олон орон эдийн засгаа дорвитой хөгжүүлж чадахгүй хямарч байхад зарим ардчилсан бус орон, тухайлбал манай өмнөд хөрш хурдтай хөгжиж байгаа нь ардчилалд эргэлзэх хамгийн том эргэлзээг буй болгож байгаад гайхах зүйлгүй. Эндээс хийх ёстой дүгнэлт бол ардчилал, засаглалын чанар хоёр бие биеэ шууд нөхцөлдүүлдэг, баталгаажуулдаг зүйл биш ажээ.

Олон орон иргэдийнхээ хүсэлтээр эрх чөлөөг нь баталгаажуулж, улс төрийн ардчилсан тогтолцоотой болсон ч өнгөрсөн хориод жилийн хугацаанд засаглалаа, ардчиллын институцүүдээ, төрийн албаа дорвитой шинэчилж, эрүүлжүүлж, чадавхжуулж чадаагүй нь хөгжлөөс хойш татах, улмаар эргээд ардчиллын хувь заяанд эргэлзээ төрүүлэх томоохон шалтгаан болж байна. Бид үүний жишээг гаднаас хайх шаардлагагүйгээр өөрсдийнхөө амьдралаар туулж яваа билээ. Ардчиллын тухайд өнөөдрийн нөхцөл байдал иймэрхүү гутранги байдалтай харагдаж, тодорхой цаг хугацаанд ардчилсан орнуудын тоо нэмэгдэж хасагдах үйл явц үргэлжилж байна. Гэсэн ч урт хугацааны түүхэн хандлагыг харвал ардчилсан орнуудын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь сайн мэдээ юм. Монголын ардчилал дэлхийн ардчиллын гурав дахь давалгаан дунд төрсөн.

Гэхдээ энэ бол хэн нэгний импортолсон хувьсгал бус, нийт монголчуудын хүсэл тэмүүллийн үр дүн байсныг бидний туулж өнгөрүүлсөн хорь гаруй жилийн түүх нотолно. Цаашид ардчилсан тогтолцоогоо хадгалж, хамгаалж, хөгжүүлж чадах эсэх нь биднээс өөрсдөөс ихээхэн хамаарахын зэрэгцээ олон улсын амьдрал ч үүнд бодитой, шууд нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо хичээж, тэмцэж, унаж босохын хажуугаар гадаад орчноо мэдэрч байх ёстой гэсэн үг.

Үргэлжлэл бий...
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна