Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Овоон дээр тавьсан лонх бузрыг шүгэлдэж дууддаг

8 жилийн өмнө

.Хүрээлэн байгаа орчноо хайрлая !

Хавар болж амьтад ичээнээсээ гарч,мод бут гөлөглөж, цэцэг ногоо ургаад Эрдэнэт орчимд сайхан зун болох төлөвтэй. Үе үехэн бороо цас орж,газрын хөрсөнд чийг харамгүй өгч байгаа тул тариаланчид “Газар доорхи шар тос “ гэж билэгшээж байна.

Аймгийн ИТХ-ын тогтоолоор Баян- Өндөр хайрхнаа орон нутгийн тусгай хамгаалалтад авч,ёс журмын дагуу тахилга үйлдэж хэвшсэн.

Баян-Өндөр хайрхныхаа бэлд аж төрж амьдран сууж байгаагийн хувьд сүүлийн хэдэн амралтын өдөр найз нөхөд,хамаатан садан,багш нараа уриалж байгаль орчноо цэвэрлэлээ. Эрүүл мэнддээ анхаарч өглөө эрт алхах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Гэвч, “Хүн хэлэхээс наашгүй” гэгчээр байгаль сүйтгэж,хог новшоо хаяж бузарлаж байгаа хүмүүст хандаж хэдэн үг хэлье.

Химийн найрлагатай нийлэг уут,сав байгальд маш урт хугацаанд шингэж устгагддагаас гадна амьд байгалийн ургаж төлжих нөхцөлийг тэр чигээр нь боогдуулдаг тухай эрдэм номтой хүмүүс бичдэг.


Тэгвэл Баян-Өндөр хайрхны орчимд орон нутгийн тусгай хамгаалалттай тахилгатай овооноос гадна том жижиг маш олон овоо бий болжээ.

Иргэд шүтэж бишрэх эрх чөлөөтэй болсон өнөө цагт хэн хэдэн овоо,суварга босгох нь хүртээлгүй..Харин овоо тахих нэрээр тэнд идсэн уусан зүйлийнхээ шил лонх,сүүний сав,бурхны жааз,таяг,хадаг ер нь зүсэн бүрийн эд зүйлээ хаядаг нь эргээд хог болж байгаль бохирлож байна.

Сүү идээ өргөх,архиар сэржимдэх зан үйл хийчихээд шил саваа овоон дээрээ хагалж хаячихаад явахаар тэр хүн буян хурааж чадах уу? Энэ сэдвийг хөндөж маш олон удаа зурагтай, баримттай нь өөрийн нүүр хуудсандаа саналаа бичсэн. Уншиж дэмжсэн олон хүн сэтгэгдлээ бичжээ.

Өчигдрийн ням гаригт алхалт хийгээд явж байхдаа үнэхээр сэтгэл өвдөв. Үүнийгээ ч би нуулгүй бичиж тавьсан.

Бямба гаригт манайхан далимдуулаад баахан “Ялалтын баяр” тэмдэглэхдээ нэмэлт үйлчилгээний татвар төлдөггүйгээр нь “Байгаль зоогийн газар”-т өөрөө өөрсөддөө үйлчилжээ. Уг нь бямба гаригийн өглөө тарьсан модоо услах, төрийн тэргүүнийхээ баталсан зарлиг биелүүлж,засгийн бодлогыг дэмжин “Нэг сая мод тарих” хөдөлгөөнд байгууллага,аж ахуй нэгж, ТББ,иргэд идэвхтэй оролцох шиг болсон. Харин мод услахдаа хүч чадалтай том жип машин хөлөглөн сүр үзүүлэн уулынхаа орой дээр гарах нь халаг харагдана лээ. Бүр унаатай зарим нь модон дотор орж архи,шар айраг, виногоо ууж, тамхиа чөлөөтэй татсан мөрөө үлдээжээ. Хаяж үлдээсэн хогны ул мөр нь шинэхэнээрээ байлаа.

Унаатай зарим нь модон дотор орж архи,шар айраг, виногоо ууж, тамхиа чөлөөтэй татсан мөрөө үлдээжээ

Эрдэнэтийн анхдагчид,тэдний гэр бүл,үр хүүхэд,сургууль,цэцэрлэгийн багш сурагчид алхангаа байгаль орчноо цэвэрлэж байна. Тэд хог түүгчид биш, байгалиа цэвэрлэж байгаа билээ.

БУГС-тай 14-р сургуулийн Ягаанцэцэг багштай ангийнхан, 24-р цэцэрлэгийн хамт олон, Эрдэнэтийн анхдагч Д.Алтанцэцэг, Д.Баярсайхан,П.Баасанхүү,Д.Солонго,Д.Долгор нарын надтай санаа нийлж энэ ажилд оролцож байгаа тэд бие сэтгэлээрээ буян үйлдэж байна. Сайн үйлсийн хажуугаар саар үйл байгаа учраас дуугарахгүй бол тэсэшгүй нь ээ.


Шинэ долоо хоногийн ажлын өглөө “Нүүр ном”-оо хальт нээвэл миний төрсөн ах,охиноос минь эхлээд багш,сэтгүүлч,найз нөхөд олон сайхан сэтгэгдэл бичиж үлдээжээ. АНУ-ын Virjinia мужид амьдарч буй багш дүү Б.Арима иргэдийн сайн дурынхны байгуулсан 100 жилийн түүхтэй “Kiwanis “ клубийнхээ талаар мэдээлэл өгч, манай клубтэй та ижил үйл ажиллагаа явуулж байна гээд утсаар ярьж дэмжлээ.Тэр олон сэтгэгдлийн дунд Далай багш зэрэг ухаант хүний хэлсэн үгнээс ахынминь иш татаж бичсэн Уул хад,овоон дээр лонх шил бүү тавьж бай! Шүгэлдээд бузрыг дууддаг юм гэсэн өгүүлбэр үнэхээр толгой руу зүүгээр хатгах шиг болов.

“Уул хад,овоон дээр лонх шил бүү тавьж бай! 

Шүгэлдээд бузрыг дууддаг юм” гэсэн өгүүлбэр үнэхээр толгой руу зүүгээр хатгах шиг болов.

Эрдэнэтийн иргэд,тэр тусмаа унаган иргэд Баян-Өндөр хайрхнаа хайрлан хамгаалах сайн үйлсийн аянд нэгдэж, уул овоо,жалга суваг, хамгаалалтын бүсийг хогноос нь салгахад оролцоцгоохыг миний бие уриалж байна. Эхлэл болгож,шуудай,уут,ажлын бээлийгээр хэд хэдэн удаа хангалаа.Харин цаашид цөөн хэдэн хүн энэ ажлыг хийгээд үр дүн багатай тул дараахь саналыг дэвшүүлж байна.

Булган аймгийн Баян-Агт сумын Хануй голын гүүрэн дээр хяналтын камер байрлуулчихаад амралтын газрыг бүхэлд нь хянаж чадаж байхад Баян- Өндөр хайрхны орой дээр байрлах Радио релейны станц дээр хөдөлгөөнт камер суурилуулчихаад машинтай дураар авирлагчид,архи ууж согтуурагчид,хог новшоо хаясан иргэдийг дарга цэрэг гэж ялгалгүй илрүүлж,тэднийг торгож,биеэр нь цэвэрлүүлж,олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр жигшүүлэх саналтай байна.

Ууланд аялах зугаалах,эрүүл мэндийн алхалт хийхдээ цэвэр усны савнаас эхлээд хогоо ил задгай хаяхгүйн тулд хамгаалалтын бүсийн хашааны хаалганы ойролцоо бариултай уут саванд хийж өлгөөд, хогийн томхон савыг 100-200 метр тутамд тавьж хүмүүс хогоо боловсон хаяж суртал хэвшүүлмээр байна.

Xогийн томхон савыг 100-200 метр тутамд тавьж хүмүүс хогоо боловсон хаяж суртал хэвшүүлмээр байна.

Миний энэ санал санаачилгыг Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч,Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа, Байгаль орчны газрын дарга Х.Машбат, Д.Мэндбаяр тэргүүнтэй “Эрдэнэтийн хүүхдүүд” ТББ болон иргэд дэмжиж хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Эцэст нь хэлэхэд, Уусан архины шилээ овоон дээр хаяж бузар үйлийг өөртөө дуудах “ хэрэг байна уу даа?


Эрдэнэт хотын унаган иргэн , сэтгүүлч

Цээсүрэнгийн Ариунаа

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна