Нийтлэлч
Хуульч М.Ганзориг

Хүний эрхийн луйвар-2

8 жилийн өмнө

“Төр бол хүн бүр түүний нэрээр түрээ барьж, бусдын хүч хөдөлмөрөөр амиа зогоох гэсэн асар том зохиомол зүйл болой”-Фредерик Бастиа

Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн агуулга, үзэл санаа нь өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, төрийн эрх мэдлийг хуваарилах үзэл санааг тунхагласан манай анхны гол хууль билээ. Үүнийг Үндсэн хуулийн агуулга үзэл санааг ойлгох хэн бүхэн хүлээн зөвшөөрнө. Харин өнөөдрийн “засаглалын хямрал”, эрх мэдлийн тэнцвэргүй байдал, популистуудын худал амлалт, хуурамч дүр төрх, улс төрийн буруу бодлогын “буруутан” нь Үндсэн хууль болох нээ.

Угтаа энэхүү хямралт байдал эрх мэдэл, эд хөрөнгөнд дурлах шунал хүслээс, өөрсдийнх нь ёс зүйгүй оршихуйгаас үүдэлтэйг хэлэхийг хүссэнгүй. Шударга бус хүн эрх мэдлийг зөв ашиглаж чаддаггүй гэдэг эртний сэтгэгчийн үг энд утгаараа илрэв. Үүний илрэл нь, “Эрдэнэт, Дархан”-ыг хотын статустай болгох нэрээр шүүх эрх мэдлийн “тархи”-ийг атгах Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөс харагдаж байна.

УИХ-ийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс авах заалт байгаа ч, АНХААРАХ заалт түүнээс ч их байна.

УИХ-ийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс авах заалт байгаа ч, АНХААРАХ заалт түүнээс ч их байна. Бүхнийг “бэлгэдэл”-ээр шийдэх хоосон сэтгэлгээ нь хүн төрөлхтний туулж ирсэн туршилт, судалгааны үр дүнг “9”, “5” гэх тоогоор сольж сэтгэх нь “Ард түмний эрхийн тухай хууль” /Үндсэн хуулийг хэлж байна/-д өөрчлөлт оруулах нэрээр эрхийг нь луйвардах хангалттай үндэслэл болохгүйд эргэлзэх нь олон бий. Аливаа асуудалд рационал сэтгэлгээний үүднээс хандах нь хүн төрөлхтний алдаж, оносон он жилүүд, шинжлэх ухааны ололт, амжилтууд нотолдог.

Нөгөө талаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах процесс нь өөрөө хууль зөрчөөгүй байх учиртай. Гэвч өнөөгийн УИХ-ийн гишүүдийн өргөн бариад тус төсөлд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг 4 жил байсныг нь бэлгэдлээ бодоод “5” болгоно гэж байгаа нь өөрөө Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах    журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах талаарх асуудлыг УИХ-ийн гишүүн санаачлахыг хориглосон байтал одоо санаачлаад байна. Ийнхүү хууль санаачлагчид маань энэхүү заалтыг мэдэхгүй-дээ ингэж байна уу, эсхүл мэдсээр байж зөрчиж байна уу гэдэгт хариу нэхмээр. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл“ гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн төвшинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг хэлнэ гэж заасан байх юм. Гэтэл одоогийн төсөл маань “...Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц...” бус харин дуртай тоо, тооны бэлгэдэл төдийхөнд үндэслэгдсэн нь харамсалтай.

Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 4.1.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл“ гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг хэлнэ.

Ард иргэдийн сэтгэл санааг Монгол уламжлал, бэлгэдэл руу ийнхүү хандуулсан, мөн “аймгийн төв-сум”-ыг “хот” болгоно гэсэн гуравхан үсэгтэй үгээр хаацайлан Үндсэн хуулийг өөрчлөх энэ удаагийн оролдлого бүтэлтэй болбол “Ард түмний эрхийн тухай хууль” маань олигарх-ийн дарангуйлалд хөтлөх дардан “зам” болох, бүтэлгүйтвэл дараагийн нэгэн ёс зүйгүй улс төрчдийн туршлага, ээлжит хүний эрхийн луйврын урьдчилсан нөхцөл болох вий гэх болгоомжлол бидэнд зүй ёсоор төрж байна. Угтаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзэл мянга мянган хүмүүст байгаа тэр бүрийг хүлээн авч өөрчлөөд байвал Үндсэн хуулийн маань дархлаа, тогтвортой байдалд ямар халтайг хэнээр ч хэлүүлэхгүй мэдмээр санагдах юм.

Иймээс ч АНУ Үндсэн хуулиа батлаад 200 гаруй жил болсон атлаа 26-хан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Гэтэл манай улс 1992 онд батлаад 2000 онд нэмэлт өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийн хяналт-тэнцвэрээ алдагдуулан дордуулсан атлаа одоо түүнийгээ засах бус мөн л сонгодог парламент-ийн тухай үзэл санаагаар далимдуулан “чоно борооноор” гэгчийн адилаар давхар дээлтэйгээ, төрийн тэргүүнээ томилолтоор илгээж, шүүх засаглалынхаа тархийг базсаар дарангуйллын хөгжлийн зүг алхах нь энэ. Та үүнийг хүснэ гэж үү?...

Иймээс ч АНУ Үндсэн хуулиа батлаад 200 гаруй жил болсон атлаа 26-хан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Ийм ч учраас төрийн нэрээр бусдын хүч хөдөлмөрийг сорж амиа зогоох гэсэн оролдлогууд нь хяналтгүй төрийн эрх мэдэлд дурлагсдын цаад зорилгыг илрүүлэн харуулсан гэлтэй.

Тэгэхээр иргэн та төрийг дээдлэх бус, харин хянах эрхтэйгээ санаж Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж шударга нийгэм байгуулах үйлсэд идэвхийлэн оролцоорой.

ХУУЛЬЧ М.ГАНЗОРИГ

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна