Нийтлэлч
Хуульч М.Ганзориг

Төрийн өршөөл хохирогчийг ТОЙРОВ

8 жилийн өмнө

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна

                          Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл 1 дэх хэсэг

Монгол улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан Монгол улсын Засгийн газраас өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ээлжит бус чуулганаараа хэлэлцэн баталсан билээ. Гэвч энэхүү хуульд Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж, Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж, “Шударга ёс” эвсэл завсарлага авч явсаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж мөрдөж байна.

Ялын философи ухагдахуун нь Ч.Беккариагийн үзлээр ял бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойн дээр, гэмт этгээдийг дахин нийгэмд хор уршиг учруулахад саад хийх, бусдыг мөн тийм хэрэг үйлдэхээс сэргийлэх ач холбогдолтой тухай номлодог.

Харин Ардчилсан сонгууль, байнгын ажиллагаатай парламентаар овоглосон энэ удаагийн “Өршөөлийн хууль” маань нэлээд онцлог зохицуулалттай, 2 буюу түүнээс дээш ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан хүний эрүүгийн болон захиргааны хариуцлагыг хамруулсан давуу талтай ч нөгөө талаас хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг үл хайхарч, тэгш бусаар хандсан шударга ёсны зарчимд үл нийцэх, хууль ёсыг үл дээдэлсэн хууль боллоо. Ийнхүү шүүмжлэлтэйгээр хандах учир нь гэмт хэрэг үйлдсэн, захиргааны зөрчил гаргасан этгээдэд ТӨР өршөөлөө харамгүй хайрлах атлаа, нөгөө тал нь ХОХИРОГЧ байдгийг умартсан мэтээр хохирол барагдуулсан эсэхийг үл харгалзан өршөөлд хамруулахаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тунхагласан “...ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”, “...хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, ...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах” зэрэг ӨӨРИЙН Үндсэн хуулиар ҮҮРГЭЭ төр үл хайхарч байгаагийн тод жишээ боллоо.

Өмнөх “Өршөөлийн хууль”-иудаар хохирлоо нөхөн төлсөн тохиолдлуудыг өршөөлд хамруулахаар зохицуулж байсан бөгөөд энэ нь ч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжтой зохицуулалт болж байжээ. Тодруулбал энэхүү өршөөлийн хууль маань Эрүүгийн байцаан шийтгэх хуультай зөрчилдсөн хууль болсон ба манай парламент хууль тогтоох үндсэн ажлаа ийнхүү “дулимагхан” хийж байгаагийн илрэл гэлтэй.

Өмнөх “Өршөөлийн хууль”-иудаар хохирлоо нөхөн төлсөн тохиолдлуудыг өршөөлд хамруулахаар зохицуулж байсан бөгөөд энэ нь ч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжтой зохицуулалт болж байжээ

Өмнө ийнхүү хуульчилж байсан нь төрийн өршөөлд хамрагдахын тулд өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж түүгээрээ өөрийн гэм буруугаа ухамсарласнаа илтгэн харуулж, түүний дараа өршөөгддөг байтал ийнхүү өнөөгийн хуулиар хохирол төлсөн ч, эс төлсөн ч, цаад утгаараа гэм буруугаа ухаарсан ч, ухаараагүй ч байсан үл харгалзан өршөөгдөж байгаа нь хачирхалтай.

Тодруулбал 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд “...гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн байх ба энэ нь өршөөлд хамрагдаж байгаа хүнд өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлөхөөс зайлсхийх, шүүхэд маргах байдлаар хохирогчид цаг хугацаа, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол улам л нэмэгдэх, хохирсон дээрээ нэмж хохирох ийм л хууль батлагджээ.

“...гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй”

Нөгөө талаас дээр дурьдсан ердийн хуулиудын хоорондын зөрчил нь өнөөгийн мөрдөж байгаа хуулиар хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй хэвээр байгаа ба цаашид энэ мэт зөрчилтэй хуулиуд батлагдсаар байвал нийгэмд ямар сөрөг үр дагавар авчрахыг дурьдаад дуусахгүй.

Хууль тогтоогч маань “хууль тогтоох” үндсэн ажлаа ийнхүү хийхийн хамтаар эрүүгийн гэмт хэрэгт баримтлах ялын бодлого нь нийгмийн харилцааны тулгамдсан асуудалд чиглэгдэж байгаа эсэхэд эргэлзэх сэтгэл төрнөм. Бусад хөгжингүй улс орнуудын жишээнээс үзвэл энэхүү Өршөөлийн тухай хуулийг урт хугацаанд /дундажаар 10-15 жил/ бодож төлөвлөж байж батладаг байна.

Гэтэл манай улсын хувьд Өршөөлийн хуулиуд 3-6 жил орчим хугацаанд батлагдаж байгаа нь гэмт хэрэгтэн бие хүний хувьд дэмжүүштэй байж болох ч, эрүүгийн эрх зүйн ялын бодлогод хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг анзаарах цаг хэдийнээ болжээ.


Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна