Нийтлэлч
Ч.Энхчулуун

“Хивс”-ний бохир хэний асуудал вэ?

7 жилийн өмнө

“Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрээс төв шугамд нийлүүлж буй хаягдал буюу бохироос аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Химийн хяналт судалгааны лаборатори шинжилгээ авсанбайна. Уг шинжилгээний дүнд тус компанийн Ноос угаах үйлдвэрийн бохирт агуулагдах био химийн хэрэгцээт хүчил төрөгч, жинлэгдэгч бодис, химийн хэрэгцээт хүчил төрөгч зөвшөөрөгдөх хэмжээнээсдавсан буюу MNS 6390:2013 стандартад зааснаас 3-4 дахин өндөр байгаа нь тогтоогдсон гэнэ.

Энэ нь зөвхөн нэг удаа үүсэн асуудал биш. 2013 оноос эхэлж өнөөг хүртэл үргэлжилж байгаа талаар МХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Сүхбат ярьлаа. Зөвхөн өнгөрсөн оны 4,6,7-р сард “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрээс төв шугамд нийлүүлж буй хаягдал буюу бохир нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна.

Ингэснээр“Эрдэнэт УС ДТС” ОНӨХК-иас тус компанийн хэрэглээний халуун, хүйтэн усыг хэд хэдэн удаа хаах арга хэмжээ авчээ.

Энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа гэж мэргэжлийн бүх байгууллага нь үзэж байна. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт хивс” ХК малчдаас ноос татан авалтаа хийж, үйлдвэрлэл нь эрчимжихээр эргээд л сөхөгдөх аж. Жаргалант сумын малчин Ч.Баясгаланцэцэг хэлэхдээ “Хангалын голын усны бохирдол өндөр. Өглөө, оройдоо мал уухгүй байна. Үүрээр жоохон уугаад л өдөртөө бол огт амсахгүй. Ялангуяа хавар хярам шиг цэхэр ус урсдаг” гэсэн юм. Мөн тариаланч Н.Тавхай энэ талаар ярихдаа ”Дулаарахаар голын эрэг дагуу цагаан зураас татчихдаг. Энэ нь тодорхой хэмжээний бохирдол байна л гэсэн үг. Гэхдээ одоогоор энэ голоос ус уугаад үхсэн мал амьтан бол алга” гэлээ.

Хэнд, ямар уршиг тарив?

Товчхондоо бол Хангалын голын усны чанарт шууд сөргөөр нөлөөлж байна.Энэ голын эрэг дагуу Жаргалант сумын айлууд нутаглаж 600 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг. Нутгийн иргэд Хангалын голыг бохирдолтой гэж үздэг тул усыг нь ундны зориулалтаар хэрэглэхээ болиод уджээ. Зөвхөн мал болон ногооны талбайгаа усалдаг байна.

Тэгвэл яагаад гол бохирдох болов? Манай хотын цэвэрлэх байгууламж нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эрчим хүчний цехийн харьяанд байдаг. Уг байгууламж нь хүчин  чадал, цэвэрлэгээний түвшнээрээ Монгол Улсад хоёрт эрэмбэлэгддэг. Энэ нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэдэг байгууламж юм. Тиймээс үйлдвэр ААН-үүд химийн бодис агуулсан бохироо урьдчилан цэвэрлэх байгууламждаа цэвэрлэж дээр дурдсан стандартын хэмжээнд хүргэх ёстой. Ингэснээр төв шугамд нийлүүлэх буюу хотын    цэвэрлэх байгууламжид өгөх учиртай.

“Эрдэнэт хивс” ХК энэ шаардлагаас давсан үзүүлэлттэй бохирыг өгч байгаа нь хотын цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг доголдуулжээ

Гэтэл “Эрдэнэт хивс” ХК энэ шаардлагаас давсан үзүүлэлттэй бохирыг өгч байгаа нь хотын цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг доголдуулжээ. “Хотын цэвэрлэх байгууламж нь механик болон биологийн цэвэрлэгээ хийдэг. Үүнээс биологийн цэвэрлэгээг хийхдээ бичил биет ашигладаг. Бичил биетүүд нь бохирт агуулагдах өвчин үүсгэгчийг идэж устгах үүрэгтэй. “Гэтэл “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрээс цэвэрлэх байгууламжид зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хэмжээтэй химийн бодис агуулсан бохирыг нийлүүлэх нь бичил биетнүүдийг устгадаг” гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Судалгааны төвийн Усны тэргүүлэх мэргэжилтэн    Х.Тунгалаг хэллээ. Өөрөөр хэлбэл хотын нийт бохир буюу бидний ялгадас тэргүүтэнд агуулагдаж буй өвчин үүсгэгчийг устгах боломжгүйд хүргэдэг байна.

Хотын бохирыг хаях газар хайсан нь

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжнь бохирыг 96 хүртэлх хувиар цэвэрлэдэг. Ийм үзүүлэлтээр цэвэршүүлсэн усыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК баяжуулах процессдоо ашигладаг байв.”Харин “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрээс цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй бохирт агуулагдаж буй нэр бүхий бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс давж эхэлснээр цэвэрлэгээний түвшин 30-40 хувьд хүртлээ буурсан” хэмээн МХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Сүхбат хэлсэн юм. Үүнээс үүдэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК цэвэрлэх байгууламжийн усыг ашиглахаа зогсоосон байна. Тиймээс цэвэрлэх байгууламжид өдөрт очдог 16-17 мянган м.куб усыг Хангалын гол руу хаяж эхэлжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн технологич Д.Буйдан хэлэхдээ “Цэвэрлэх байгууламжийн усыг үйлдвэр хэрэглэхгүй    бол Хангалын гол руу хаяхаас өөр аргагүй. Энэ их хэмжээний усыг хадгалах сав бидэнд байхгүй шүү дээ. Асуудал үүссэн буюу 2015 оны 4,6,7-р саруудад цэвэрлэгээг 63-66 хувьд хүргээд л гол руу хаясан” гэсэн юм. 96 хувь байх ёстой үзүүлэлт 66 буюу 30 хувиар бага цэвэрлэгдэж Хангалын голд хаягдсан гэсэн үг.

Тухайн оны тавдугаар сард Ус, цаг уурын орчны шинжилгээний албанаас хийсэншинжилгээний дүнгээр энэ голын усныазот-амонийн агууламж усны чанарын стандартад заасан хэмжээнээс 21.8 дахин, биологийн хэрэгцээт хүчил төрөгч9 дахин их, перманганатын исэлдэх чанар 1.4 дахин, нитрит 16.4 дахин, фосфор 0.5 дахин их гэж дүгнэсэн юм.

“Эрдэнэт хивс” ХК асуудлаа шийдсэн гэв

“Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэр нь 7 “онгоц”-той. Хамгийн их бохир гаргадаг нь нэг болон хоёрдугаар онгоц.

Асуудал үүссэн даруйд холбогдох байгууллагуудаас тус компанид шаардлага хүргүүлсэн байна. Үүний дагуу эднийх 17 нэр төрлийн ажил хийжээ. Өнөөдрийн байдлаар стандартын шаардлагад нийцсэн бохирыг төв шугамд нийлүүлж байгаа талаараа холбогдох албан тушаалтан нь ярьсан юм.“Бид ноос угаах үйлдвэрээс гарч буй лагийг тунгааж. 10 тоннын даацтай автомашинаар өдөрт 5-6 удаа зориулалтын талбайд хаяж байна. Мөн урьдчилан цэвэрлэх байгууламждаа 24 цагаар агаар үлээгч ажиллуулж байна” гэж “Эрдэнэт Хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрийн МЭХ-ийн дарга Ц.Ижинхүү ярьлаа.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Судалгааны төвийн Усны тэргүүлэх мэргэжилтэн Х.Тунгалаг хэлэхдээ “Тус компаниас нийлүүлж буй бохирын үзүүлэлт өмнөхөөсөө багассан. Гэхдээ манай Ус судлалын лабораторид хийсэн шинжилгээнээс үзэхэд нэр бүхий бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-2.5 дахин өндөр үзүүлэлттэй ирсээр    байна” гэлээ.

Дээр дурдсан хоёр тал нэгнийхээ дүгнэлтийг зарим талаар хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Хими, химичдийн нийгэмлэг”-ээр судалгаа хийлгэсэн аж. Тус нийгэмлэгээс “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрээс цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй бохир дахь зарим бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан гэх дүгнэлт гарчээ.

Цаашид...

“Эрдэнэт Хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэр гурав хоногийн турш стандартаас давсан үзүүлэлттэй бохир нийлүүлэхэд л хотын цэвэрлэх байгууламж зогсох талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн технологич Д.Буйдан хэллээ. Тиймээс тус компанид Ноос угаах үйлдвэрийнхээ урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийг шинэчлэх шаардлага хүргүүлсэн” гэж МХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Жаргал ярьлаа. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг шинэчлэлд хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг шинэчлэлд хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.

Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, журам, стандартаар бол үйлдвэр ААН-үүд химийн бодис агуулсан бохироо урьдчилан цэвэрлэх байгууламждаа цэвэрлэж дээр дурдсан тодорхой шаардлагад нийцүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа технологи нь үүнийг хангахгүй байгаа бол сайжруулах нь ААН-ийн үүрэг. Тиймээс “Эрдэнэт Хивс” ХК үүргээ гүйцэтгэх нь зүйн хэрэг юм. Энэ хэвээр цааш үргэлжилбэл хотын бохирыг тэр чигт нь Хангалын голд хаяхад хүрэхгүй гэх баталгаа алга байна.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна