Нийтлэлч
Өндөр настан Ч. Өлзийбат

Уншигчийн захидал

7 жилийн өмнө

                                                                                               Уриалга

 Монгол улсын маань улс төр, эдийн засгийн хууч өвчин сүүлийн жилүүдэд сүрхий хямарч хүндэрсэн бололтой. Улс төр нь өнгөрсөн сонгуулиар нэг тийш шийдвэрлэгдлээ. Харин эдийн засаг нь сэхэх үү мөхөх үү дээрээ хүрч сэхээнд орж Засгийн газрыг тэвдүүлэн, Засгийн газар олон арга хэмжээ авахаар Их хуралдаа орууллаа. Их хурлын гишүүдийн зарим хэсэг, сөрөг хүчнийхэн АН-ынхан, үйлдвэрчин ТББ-ууд тэрч бүү хэл шүүгчид, за тэгээд хэвлэл мэдээллийнхэн, ард иргэдээс ч эсэргүүцэлтэй тулж, байхгүй гээд байхад нь нэмж авна гээд элдэв маргаан хэрүүл шуугиан болоод байна даа. Одоо хэрхэн яах вэ?  Бүү сандар, болж л таарна. Эцэг өвгөдөөс үлдээж өвлүүлсэн эх орон, таван зүйлийн тарианы хөрс шороо газар, тал уулгүй налайсан таван хошуу мал сүрэг уужим тэнүүн ухаалаг ард түмэн байхад эв эсийн хүчийг нэмээд гарах гарц энэ буюу:

Ингээд МАН-ын гишүүд дэмжигчид, Монголынхаа нийт ард түмэн Засаг төрдөө хандан уриалах нь:

1.Улсын маань эдийн засаг үнэхээр ямаршуу байгааг шударга ард түмний төлөөлөлөөр шалгуулан өмнөх Засгийн газар АН-ынхан одоогийн Засгийн газар МАН-ынханы маргааныг үнэн байдлаар хагалан тогтоож зон олондоо мэдээлье ойлгуулъяа. Энд засаг төр, нам, ТББ-уудын төлөөлөл оролцохгүй байх.

2. Улс орныхоо эдийн засгийн хямралыг зогсоож эрүүлжүүлэх улмаар цаашид хөгжүүлэх, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйл ажиллагаа хүртээмжийг сайжруулах зорилгоор эх орончдын Их сан байгуулж Монгол улсын иргэн бүр бололцооныхоо хирээр хандив тусламж өргөцгөөе. Энэ сангийн данс нь шилэн, орлого зарлага бүх үйл ажиллагаа нь ил тод байх учиртай. Засгийн газар ард түмний хяналтанд, тэгэхдээ улсын төсөвт орж захиран зарцуулагдах нь зөв болов уу?

3.Хүүхэд хөгшидөөс аваад бүх хүн, өрх айлаас аваад бүх албан газрууд улс орон даяар хэмнэлт тооцоог нэвтрүүлэн :Ажиллая, бүтээе, хэмнэе, сайхан амьдарцгаая: уриан дор хоёр жилийн аян өрнүүлцэгээе.

Засаг төр минь, ард түмэн минь бид өрд орлоо хэцүү боллоо гээд эх орон эх нутгаасаа сөөм ч газрыг бусдад өгөх худалдах эрхгүй шүү. Санахтун сахихтун.

Миний энэхүү уриалгыг засаг төр, нам, зон олон минь нэр ус хэлбэр болох болохгүйг нь засаж залруулан уг агуулгыг нь дэмжин дэмжин ажил үйлс болгон өрнүүлэхийг гүнээ хүсье.                                                                                                                   

 

                                             Орхон аймаг Баян-Өндөр сум. Эрдэнэ багийн иргэн

                                                  Өндөр настан. Ч. Өлзийбат.  Утас: 99350138

                                                                               2016.09.05

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна