Нийтлэлч
Сэтгүүлч Ж.Оюун

Их эзэн Чингис хааны өлгий нутгаар аялсан тэмдэглэл

6 жилийн өмнө

  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны ахмадууд тус үйлдвэрийн Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч асан, Монгол улсын гавьяат эдийн засагч Д.Болдбаатарын урилгаар 6-р сарын 26-аас 7-р сарын 2-ны хооронд Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сум хүртэл аялав. Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өдөр буюу энэхүү Дашнямтай билэгт сайн өдрийн өглөө ахмадууд тус тусын сонгуулийн хэсэгт очиж саналаа өгөөд, аялал зохион байгуулагчийн зарласан 9.00 цагт Гендирекцийн гадна ирж автобусандаа суусан байлаа. Цаг чанд барьдаг үйлдвэрт насаараа ажилласан ахмадууд өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо ч цаг барьдаг хэвээрээ л байна гэх бодол төрөв. Аялагчдаа суулгасан нэг микро, нэг ПАЗ автобус 09.30 минутад Гендирекцийн гаднаас аяллын алтан шар замынхаа гарааг эхэллээ. Мэдээж, хар замаар шулуун дахисаар 17 цаг өнгөрөөд Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт очиж түр саатан зарим аялагчаа нэмж суулгаад цааш хөдлөв. Оройхон Чингис хаан, Өүлүн эхийн хөшөө дурсгал бүхий Цонжин болдог цогцолборт очиж амралтын баазад нь тухлав. Тэрээр 22.00 цаг болоход Эрдэнэт рүү утасдаж сонгуулийн мэдээ сонирхож, ард түмний улс төрийн шинэ сонголтын талаар санал бодлоо солилцож, эцэст нь сонгууль дахих нь ойлгомжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд замын алжаалаа тайлахаар тус тусын гэрт нойрсохоор орцгоов.

  Маргаашийн мандах нарнаар аялагчид эртлэн босож, амар мэндээ асуунгаа өглөөний цайгаа ууж, хоёр дахь өдрийн аяныг эхлүүлэв. Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумын нутгаар дайран Багануурын нүүрсний уурхайд хүрэв. Гүн галуутайн тусгай хамгаалалттай газар орших энэхүү том уурхайн хөрсний овоолго Эрдэнэтийнхэнд холын холоос нэг л дотно харагдана. Уурхайн хотынхонд хаа газрын уурхай сайхан санагдах нь аргагүй биз ээ. Багануурын уурхайн дэргэдүүр өнгөрөхөд гайхалтай өргөн уудам тал нутаг, цэлийсэн зам харгуй нь нутаг багатай Эрдэнэтийнхэнд цагаан атаархал төрүүлэм. Бид явсаар Хэрлэнгийн гүүрээр гарлаа. Энэ алдарт голыг эс тооцвол тэр хавьд ус бага ажээ. Харин айлуудын зуслангийн дундуур нэг нарийхан гол урсах аж. Багануураас 30-аад км хар замаар давхиад хөдөөгийн шороон замд оров. Энэ зун бүх нутгаар гандуу байгааг бид харж халаглаж явлаа. 30 хэм хүрч халсан энэ өдрүүдэд тэртээх уулсыг халхлан их униар татна. Зуны хэт халуунд адуу мал орох байх газраа олж ядан жижигхэн намаг, шалбааг, гүүрний дор бөөнөөрөө шахцалдан хоргодох агаад адуу ихэнхдээ уулын шил дадан сэрүү татуулан зогсож харагдана. Бог мал харин тааваараа идээшилнэ.

  Аялагчид саадгүй давхисаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт ирж гол замаасаа бага зэрэг хазайн Хар зүрхний хөх нуур хэмээх үзэсгэлэнт байгалийг тольдохоор зорив. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар орших энэхүү гайхалтай үзэсгэлэнт байгальд аялагчид нүд сэтгэлээ баясган, дурсгалын зураг татуулангаа Монголын эзэнт гүрний их хаадын хөрөг бүхий модон сийлбэр хөшөө дурсгалыг үзэж танилцав. Энд нийт 35 хааны хөргийг модоор сийлж урлан гэр хэлбэрээр дугуйлан байрлуулж дунд нь Их эзэн Чингис хааны хөрөг бүхий хөшөө дурсгалыг босгожээ. Их Монгол улсын нэгэн сонирхолтой түүхийн бичээс энд хадгалагдсан байна. Мэдээж битүү ой тайгаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгаль дунд орших аж. Хар зүрхний хөх нуур гүн цэнхэр өнгөтэй агаад “хөлгүй нуур” гэх тул хүмүүс усанд орж тухлахгүй, үзэсгэлэнт байгальд нь сэтгэлээ сэргээн зугаалж, дэргэдэх амралтын баазуудад нь тухлан амардаг аж. Гантай нутгаар хоёр өдөр шахам давхисан бидэнд энэ нуур орчмын ногоон байгаль жинхэнэ зуны таатай мэдрэмжийг төрүүлэв. Ийм сайхан байгальд тухлахаас яах билээ. Бүгд тойрон сууж аяны хүнсээ дэлгэж үдлээд цааш хөдлөхөд дөнгөж орсон борооны чийг үнэртэн хангай дэлхий тэр чигтээ ариуссан мэт санагдана.

  Бид дараа нь бас нэгэн эртний түүх дурсгалтай газрыг зорилоо. Хэнтий аймагт оршдог олон түүх дурсгалтай газрын нэг Балданбарайвун хийд рүү бид хур бороо дагуулсаар очив. Хаашаа л харна гайхал төрүүлэм хад асга бүхий бүтүү модтой уулсаар хүрээлэгдсэн энэхүү эртний хийд ямархан нууц агуулсан өдий олон зууныг элээсэн бол гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Хөтөч залуу тэрээр бидэнд тус хийдийн талаар тайлбарлаж өгөв. Энэ хийд 1770 онд 7 ламтай анх байгуулагдсан түүхтэй. Хамгийн оргил үедээ 8000 гаруй ламтай байсан гээд бодохоор их хөлийн газар байсныг гэрчлэх мэт. 2009-2010 онд тус хийдийг сэргээн засварласан байна. Энэ хийдээс нийт 8 хувилгаан төрсөн гэх. Хамгийн сүүлчийн хувилгаан нь 1895 онд төрсөн Гомбожавын Найдансүрэн гэнэ. Монголд Балданбарайвун, Эрдэнэзуу, Амарбаясгалан, Манзшир, Төвхөн хийд гээд 5 утаагүмбэн байдаг гэж хөтөч залуу нэмж хэллээ. Түүхийн энэхүү цөөхөн дурсгалт газруудын нэгийг зорин ирж, хийдийн гол шүтээн Очирваань бурханд нь мөргөж, хадаг өргөн, арц уугиулан сэтгэл ариуслаа. Улмаар бүгдээрээ хийдийг нар зөв тойрон горойлж, бурхдад мөргөн залбирч, сайн сайхан бүхнийг хүссээр явлаа. Байгалийн урлан “эхийн умайд” орж дахин төрөөд, хаан хатан суудалд хэсэгтээ тухалж зураг татуулаад, байгаль эхдээ мөргөн залбирсаар бид уулнаас буув. Олон зууны түүхийн гэрч болсон тус хийдийн анхны барилгын туурь энд хадгалагдсан нь тун сонин сагагдав. Хийдийн хоёр дуганы нэгийг сэргээн засварлаж, нөгөөг эртний чигээр нь үлдээсэн харагдана. Бид хаана ч очсон гэлээ голдуу сэргээн засварласан өнгө төрхийг хардаг. Харин энэ хийд эртний монголчуудын амьдралын өнгийг тэр чигээр нь хадгалан буй нь хамгийн сонирхолтой байлаа. Монгол хүн бүр ирж үзээсэй гэх бодол төрсөн шүү. Түүхээ мэдэхгүй хүн сармагчин лугаа адил гэж үг бий. Энэ мэт засварлаагүй, өнгөлж чимээгүй түүхийн улбааг аль болох олон харж, тайлбарыг нь сонсох тусам эх орныхоо буурал түүхээр бахархах сэтгэл төрөх юм билээ.

  Балданбарайвун буюу өнөөгийн бидний хэлж заншсанаар Балданбрэйвэн хийд ийнхүү эртний монголчуудын аж амьдралын түүхийг “хүүрнэн” Хэнтий аймгийн нутагт оршсоор байгааг бид харлаа. Балданбарайвун хийдээс 10 гаруй км яваад Хэнтийн уудам тал нутгийн нэгэнтээ хээр хонохоор аяны дөрөө мултлан харуй бүрийтэй уралдан майхнаа барьцгаав. Хоёр машины 30 хүн 8 майханд тухлан, гэрэл чийдэн асаан байж хээрийн цай, хоол бэлдэн зооглож, дараа нь гадаа тойрч суугаад бага зэрэг нанчид сөгнөн, аяллын тухай сэтгэгдлээ хуваалцаж аз жаргал, эрүүл энхийг хүсэн хундага өргөцгөөв. Энэ агшинд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга асан, ахмад Д.Адъяа “Хэнтий аймагт хожуулгүй сайхан ой харлаа. Бас Балданбарайвун хийдийг сэргээн зассанаар биш, жинхэнэ эртний байдлаар харсан нь сайхан санагдлаа” гэж аян замын сэтгэгдлээ хуваалцав. Тал хээрийн салхи таатай илбэн, шөнийн одод анивчин, шинийн дөрөвний сар чанх дээрээс хүрээ татуулан гэрэлтэнэ. Эх нутгийнхаа цэвэр агаар амьсгалан, тэнүүн хөндий талд олуулаа ханьсан суух сайхан байлаа.

  Аяллын гурав дахь өдрийн өглөөний 07.00 цагт бид Хэнтий аймгийн Биндэр сумыг зүглэн довтолгов. Бид нутгийн иргэдээр зам заалгасны дагуу цахилгааны шон даган давхисаар үд дунд Биндэр суманд очлоо. Сумын төв рүү орж ирэнгүүт манай автобусны хойд дугуй хагарчихав. Жолооч дугуй нөхөх ажилдаа орж, бид сумын төвтэй танилцахаар алхав. Алдарт Онон голын хөвөөнд орших энэ сум Хэнтий аймгийн хамгийн олон хүн амтай хоёр сумын нэг ажээ. Нийт 4000 орчим хүн амтай гэнэ. Өмнөх нийгмийн үед сүү, сүүн бүтээгдэхүүнээр алдаршиж байсан тус сумаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар саальчин төрсөн түүхтэй, түүгээр ард иргэд нь одоо ч бахархдаг. Энэ сум Дадал, Баян-Адарга, Батширээт сум, Хурх тосгонтой хил залгадаг аж. Бид машины дугуй нөхөгдөх хүртэл энэ сумын дэлгүүрүүдээр орж сонирхон, бас цайны газарт нь үдийн зоог хүртээд цааш хөдөллөө. Ахмадын зөвлөлийн дарга Д.Эрдэнэдалай автобусанд орж ирснээ “Би Болдоо захиралтай сая утсаар ярилаа. Дадал сумын ахмадууд үндэсний хувцасаа өмсөөд цагаан хаалган дээрээ биднийг угтахаар хүлээж байна гэхээр нь би “Та нар тэгж гоёсон байхад бид аяны тоосоо ч гөвж амжилгүй та нартай уулзах нь яах билээ” гэсэн чинь Болдбаатар захирал “Зэгээрээ, та нар америк жуулчид шиг л яваад ир” гэсэн гэхийг сонсоод бүгд инээлдэв. Онон голыг бирвазаар эсвэл машинаар чирүүлж гарна гэж ярьсаар манай автобус урагшлав. Энэ зун гантай байгаа болоод тэр үү, Онон голын ус үергүй, гүехэн харагдана. Онон голыг мотоциклтэй залуус ямар ч саадгүй туулж байгааг харсан манай хоёр машины жолооч энэ их голыг шууд туулахаар шийдэв. Голын цаана гармагц бүгд унаанаасаа бууж голын усанд хөлөө дүрж амраав. Эрчүүдийн зарим нь усанд шумбаж амжлаа. Тийнхүү цааш Дадал сумыг чиглэн давхилаа.

  Бид 6-р сарын 28-ны 19.00 цагт Дадал суманд ирлээ. Сумын төвийн бараа харангууд баримжаалж давхисаар бараг сум орох дөхтөл хажуугаас биднийг угтах үүрэг авсан бололтой сумын микроавтобус, бас Болдоо захирал машинтайгаа давхин ирж “Манай суманд ирсэн хүмүүс цагаан хаалгаар ордог” гэсээр дагуулан эргэж хурдлав. Зам мэдэхгүй “америк жуулчид” ийнхүү Дадал сумын хаалгаар биш хаяагаар нь орж ёс алдах шахав. Дадал сумын хаалганд ирж буухад буриад үндэсний хувцсаар гоёсон сумын ахмадууд буриад дуугаа дуулан “Мэнд амар байна уу” хэмээн мэндчилэн угтаж, сумынхаа брэнд бүтээгдэхүүн буриад талх, зөөхий, ааруулаар дайлан бидэнд маш их хүндэтгэл үзүүлэв. Энэ агшинд Болдбаатар захирал “Нөхөд өө, та бүхэн ОХУ-ын хилд хүрч ирээд байна. Гадаад паспортаа шалгуулаад манай цагаан хаалгаар ороорой” хэмээн хошигнон инээв. Дадал сум ОХУ-тай хил залгадаг учраас тус сумынхан эх орны хилийн манаачид гэдгээрээ бахархах ажээ. Бид цагаан хаалганаас хөдлөн сумын төвийн “Ярууна” цайны газарт ирэв. Энд нутгийн амтат хоолоор дайлуулан гарах агшинд “За, одоо бүгдээрээ шууд сумын Соёлын төвд очиж урлаг, соёлын үйл ажиллагаанд оролцоно гэж зарлав. Сумын ахмадын зөвлөлийн төлөвлөгөөг даган бид сумын Соёлын төвд очлоо. Сумын ахмадууд буриад үндэсний болон монгол дээлээр гоёж аль эрт суудлаа эзэлсэн байв. Дадал сум болон Эрдэнэт үйлдвэрийн авьяаслаг ахмадууд хамтран энэ орой бэсрэг концерт тоглож дундуур нь нийтийн бүжиг эргэн нэгэн оройг сэтгэл сэргээн өнгөрөөлөө. Эрдэнэт үйлдвэрийн ахмадуудыг төлөөлж Д.Цанжид, Ч.Цэнд-Аюуш, Ш.Чулуунсүх нар ая дууны эгшгэн хадаг өргөн мэндчилэв. Ялангуяа Д.Цанжид “Эжымни”, “Баялжийн гол” дууг буриадаар, “Алтан гургалдай” дууг орос хэлээр дуулахыг ахмадууд чих тавин сонссоны дараа чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж, түүний унаган авьяас, дуулах онцгой ур чадварыг магтан талархал илэрхийлсээр байлаа. Болдбаатар захирлын бичсэн шүлгээр бүтсэн хоёр дууг Соёл урлагийн их сургуулийн “Бадмаараг” ахлах сургуулийн сурагч Г.Барсболд буриад хэлээр дуулж бидэнд буриад зон олны мэндчилгээг дэвшүүлэв. Болдбаатар захирлын бичсэн 16 дууны 9-г нь тус Соёлын төвийн хөгжмийн багш О.Насанжаргалын хүү “Ханхэнтий” чуулгын дуучин Н.Ганзолбоо дуулсан гэдгийг энд бас бахархалтайгаар дуулгав. Болдоо захирал ном бүтээл их туурвихын зэрэгцээ ийм олон дууны үг бичиж, ая эгшгээр амилуулан явааг сонсоход талархахаас аргагүй байлаа. Дадал сумын өндөр настан Н.Жавзанханд энэ үеэр өөрийн бичсэн нэгэн уянгалаг шүлгийг уншиж, бидний сонорыг мялаав. Тэрээр Их эзэн Чингис хааны өлгий нутагт төрж, өдий хүртэл амьдарсаар яваагаараа бахархдаг гээд:

Тарсан бутарсан Монголыг

Тамирдаж сөхөрсөн гүрнийг

Тив дэлхийд мандуул гэж

Тэнгэр Тэмүжинг илгээхдээ

Хамаг Монголын хоймор нь гэж

Хатан дэлхийн сор нь гэж

Хан хөвгүүдэд ээлтэй гэж

Хатан Өүлэнд түшигтэй гэж

Буян хишиг нь барагдашгүй гэж

Буурал түүхээс арилшгүй гэж

Баян Дадалыг минь таалан соёрхож

Баатар хааныг энд төрүүлсэн юм.

   Хүн та хэн ч байсан

  Хөрслөг хөвгүүн Тэмүжингийн

  Хүйг даруулсан чулуунд мөргө

  Эрхэм та хэн ч байсан

  Эзэн Чингис хааны эхээс мэндэлсэн тоонотод мөргө

  Тэнгэрлэг түүхийн гэрч болсон

  Тэнэгэр баян Бурхан Халдунд мөргө

  Баатарлаг түүхийн голомтыг сахисан

  Бардам омголон өвөг дээдэст мөргө

  Баян Дадалыг маань таалан соёрхож

  Баатар хааныг энд төрүүлсэн юм мөргөтүгэй.

Хүн төрлөхтний хөлгөн их сударт

Хөх Монголыг бичиж үлдээсэн

Хөрст алтан дэлхийн хойморт

Хүчирхэг Монголын голомтыг бадраасан

Эзэн богд Чингис хааны

Эхээс мэндэлсэн нутаг нь энд байна

Эхэлж гишгэсэн мөр нь энд байна

Эрхэлж тоглосон чулуу нь энд байна

Туулж өссөн ус нь энд байна

Тулж өндийсөн уулс нь энд байна

  Хүн та хэн ч байсан

  Хөрслөг хөвгүүн Тэмүжингийн

  Хүйг даруулсан чулуунд мөргө

  Эрхэм та хэн ч байсан

  Эзэн Чингис хааны эхээс мэндэлсэн тоонотод мөргө

  Тэнгэрлэг түүхийн гэрч болсон

  Тэнэгэр баян Бурхан Халдунд мөргө

  Баатарлаг түүхийн голомтыг сахисан

  Бардам омголон өвөг дээдэст мөргө

  Эрхэс дээдэс таалан соёрхож

  Эзэн богд Чингис хааныг энд төрүүлсэн юм

  Мөргөтүгэй, Сөгдтүгэй хэмээн уянгалуулан уншив.

  Нутгийн яруу найрагч энэ ахмадын шүлгийн номыг ангийн андууд нь өнгөрсөн цагаан сараар хэвлүүлж бэлэг барьжээ. Их эзэн Чингисийн өлгий нутагт төрж өссөн унаган иргэдийн дуулал гэмээр ийм сайхан үгтэй шүлгийг тэмдэглэлдээ бүрэн эхээр нь оруулж уншигч түмэндээ хүргэмээр санагдлаа.

  Маргааш өглөө нь Дадал сумын ИТХ-ын дарга Н.Мөнх-Од, сумын Засаг даргын орлогч Б.Баттулга нар бидэнтэй хамт цай уунгаа нутаг орноо танилцуулав. Б.Баттулга энд үг хэлэхдээ “Манай сумын Засаг даргын Тамгын газар зөвлөлдөөд 4 хүнийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар шийдсэн. Тэдний нэг нь гавьяат эдийн засагч Д.Болдбаатар юм” гэхэд Болдоо захирал “За, би сумын Тамгын газрын ажилтан боллоо. Одоо та нар намайг захирал гэхгүй шүү, зөвлөхөө л гэж дуудаарай, гэхдээ орон тооны бус гэж дуудахгүй шүү” гэж хошигнон бүгдийг инээлгэв. Энэ үеэр Соёлын төвийн хөгжмийн багш О.Насанжаргал Болдоо захиралд хандан “Та монгол хэл дээр нэг сайхан дууны шүлэг бичиж өгөөч. Би сайхан аялгуу хиймээр байна” гэсэн хүсэлт тавилаа. Д.Болдбаатар тэр саналыг хүлээн авч, монгол хэл дээр дууны үг бичиж өгнө гэж амлав. Дадал сум, Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд энэ үеэр бие биедээ хүндэтгэл үзүүлэн талархлын үг хэлж харилцан бэлэг гардууллаа. Дадал сумын ахмад, уран сайханч Цэрэндулам энэ агшинд үг хэлэхдээ:

-Би одоо 80 настай. Хүн урт наслахын тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүлийг хүсвэл цадталаа идэж огт болохгүй, Би энэ зарчмаар амьдраад 80 наслахдаа одоо шүд бүтэн, хараа хурц, ухаан саруул явна. Та нарт эрүүл байхыг л хүсье гээд ахмадуудынхаа хамт буриад дуу дуулав. Тэдний дуу хоолой нэг л уянгалаг, царай зүс гэрэлтэй сайхан харагдана. Дараа нь сумын ахмад Г.Үржинханд:

Буриад өвгөд яс сайтай
Булгилах зүрх нь цус сайтай
Буурал өвгөд сэтгэл сайтай
Бүхний төлөөх зүтгэл сайтай хэмээн буриадаар уншихад бид сайн ойлгосонгүй. Тиймээс Болдоо захирлаар орчуулга хийлгэн уг шүлгийг дахин сонслоо. Бас л буриад зон олны сэтгэлийн чавхдасыг хөглөх сайхан мөртүүд аж. Ийнхүү тэднийг хөгжилдөж байх зуур би сумын өндөр настан Ч.Хандаагийн сонирхолтой яриад анхаарал хандууллаа. Тэрээр ярихдаа:

-Миний аав Монгол улсын Хөдөлмөрийн баатар Цэрэнгийн Чойдорж 1947-1964 онд Дадал сум нэгдлийн даргаар ажилласан юм. Дадал сумын хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхны төлөө чадах бүхнээ хийхийн зэрэгцээ сумын иргэдийнхээ хамтын нөр их хөдөлмөрийн үр дүнд мал сүргийг 66 мянган толгойд хүргэн өсгөж, Монголын эдийн засагт маш их хувь нэмэр оруулсан гавьяатай. Болдбаатарын аав Д.Дашням сум нэгдлийн мал аж ахуй хариуцсан нэгдүгээр орлогч даргаар ажиллаж манай аавтай гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж явсан хүн. Хамгийн гол нь мал аж ахуйгаа сайн хөгжүүлсэн үр дүнгээр манай аав 1959 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж, дараа жил нь манай сумаас Д.Базаржав Монгол улсын гавьяат малын эмч, Д.Намдаг гавьяат зоотехникч цолоор шагнагдсан түүхтэй. Манай “Хөдөлмөр” нэгдэл 1939 онд байгуулагдаад 1947 он хүртэл комун болоод тарцгаасан байлаа. Дараа нь манай аав энэ нэгдлийг байгуулж өнөөгийн Дадал сумын хөгжлийн суурийг тавьсан юм. Тэд гар нийлж ажиллахдаа малын үүлдэр угсаа сайжруулахаас гадна нэг хониноос 5-6 кг ноос, ноолуур, нэг үнээнээс 1000 л сүү авдаг болсон. Улмаар сүү, цагаан идээ, цөцгий, масло үйлдвэрлэх завод ажиллуулдаг байсан юм. Маш их хэмжээний сүү машиндаж цөцгий болгож, цөцгийгээр масло хийж улсад нийлүүлдэг байв. Мөн тахиа, гахай, зөгийн аж ахуйг өргөн хэмжээгээр байгуулж ажиллуулдаг байсан. Сумын хэмжээнд 3000 тахианы аж ахуйтай байлаа. Миний аав Хөдөлмөрийн баатар болсон ч гэсэн тэр их ажлыг нугалахад хамтран зүтгэж явсан олон арван хүн одоо хүртэл хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж чадаагүй яваад харамсдаг гэж ярилаа. Монгол улсын сум, нэгдлийн дарга нараас хамгийн түрүүн Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Дадал сум нэгдлийн анхны дарга Ц.Чойдоржийн охин, Дадал сумын өндөр настан Ч.Хандаа ийнхүү хуучиллаа.

  Бид өглөөний цай уусны дараа Монгол улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, пропессор Дашнямын Болдбаатарын нэрэмжит номын санд зочилж Эрдэнэтээс авч очсон номуудаа гардуулан өгөв. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч асан Д.Болдбаатар Дадал сумандаа 3 жилийн өмнө ийм нэгэн номын сан байгуулж хүүхэд залуучууд, сумын ард иргэдийнхээ оюуны цангааг тайлах буянт үйлс бүтээжээ. Тэрээр номын сандаа жил бүр нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг гэнэ. Энэ номын сан өнөөдөр 2681 номтой гэж Соёлын төвийн эрхлэгч Ш.Гангантуул их нарийн тоо хэлнэ билээ. Ойрын жилүүдэд 5000 номтой болгох зорилго тавьж байгаа гэдгээ ч дуулгасан.

  Дараа нь аяллын баг Гурван булгийн амралт, Дэлүүн болдог овоо, Хажуу булгийн рашаан, Балжийн гол, Анчин баавайн ангийн гэр музей гээд Онон-Балжийн олон дурсгалт газартай танилцлаа. Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн 32 дурсгалт газар Дадал суманд байдаг ажээ. Бид нэг өдрийн турш яваад 5 түүхэн газартай танилцаж амжлаа. Балжийн голын эрэг дээр түр саатах зуур сумын Засаг даргын орлогч Б.Баттулга, ахмад Д.Болдбаатар нар хоёр хөвгүүний хамт буриад дууны бэсрэг концерт тоглож биднийг баясгав. Буриад түмний дуунд мөнхөрсөн Балжийн гол дээр тухлах үнэхээр таатай сайхан байлаа. Балжийн гол ОХУ-аас орж ирж монголын нутгаар 120 км урсаад буцаад оросын нутаг руу урсдаг учраас хүний гол, харин Онон голыг эх оронч гол гэх ажээ. Балжийн гол, Онон голын эрэгт орших Дадал сумын байгаль юутай сайхан, юутай үзэсгэлэнтэй. Гурван нуурын амралтыг түшиглэн сумын дэргэд аялал жуулчлалын цогцолбор байгуулах асуудал шийдэгдсэн гэх баяртай мэдээг Сумын засаг даргын орлогч Б.Баттулга бидэнд бас дуулгалаа. Олон улсын стандартын нисэх онгоцны буудал ч энд баригдах гэнэ. Дадал сум цаашид Монголын аялал жуулчлалын том бүс нутаг болж хөгжих гэрэлт ирээдүй байна.

  Бид Дадал сумтай, түүх дурсгалт газруудтай нь танилцах аяллаа өндөрлөх өглөө сумын музей үзэж, сумаас гарах замдаа Жанрайсаг, Манжшир, Очирваань бурхан шүтээн бүхий суваргын дэргэд ирж түр дөрөө мулталлаа. Энэхүү суваргыг Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол улсын гавьяат эдийн засагч, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Д.Болдбаатар нар санаачлан хамтран бүтээлгэсэн гэж тайлбарлав. Энэхүү шүтээний хүрд дээр “Хэнтий аймгийн Дадал сумаас 1930-аад онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэрс” гэж төмөр ялтас дээр бичээд нийт 607 хүний нэр жагсаан сийлсэн байлаа. Бид эндэхийн бурхан шүтээнд мөргөж залбираад, хүрдийг эргүүлж маань уншаад цааш хөдөллөө. Дадал сумынхан биднийг Оногийн гүүр дээрээс үдэж өглөө. Манайхан тэрхэн агшинд Онон голд умбаж, шумбаж цэнгэг голын загас жарайхай харж баясан хэсэг хууч хөөрч зогсцгоов. Ононгийн шугуй, эргэн тойрны байгалийн сайхныг хараад ханамгүй. Нүд баясгаж, сэтгэл гийгүүлэм унаган байгалийн үзэсгэлэнт төрхийг бид Дадал сумаас л олж харлаа. Эргэн тойрон ой тайгаар хучигдсан уулсын дунд амьдрах хэрнээ ард иргэд нь мод огтлохыг нүгэл гэж үздэг бололтой. Тэр их модны дэргэд амьдардаг айлууд малын аргалыг хатаан гэрийнхээ гадна өрсөн нь бахархмаараа. Мод огтолж унаган байгалиа сүйтгэхгүй, аргалаа л түлнэ гэж үзэх аж. Дадал сум, Хэнтий аймгийн хөдөөний ард иргэдийн энэ мэт амьдралын олон сайхан зөв хэвшлийг олж харж, онцолж магтсаар бид нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. Буцах замдаа Хэнтий аймгийн Норовлин, Батноров сум, Бэрхийн уурхай, Чингис хот, Мөрөн, Өлзийт, Жаргалтхаан, Дэлгэрхаан сум, Аварга тосонгийн рашаан сувилал гээд олон газраар дайрч орон нутгийн онцлог, өвөрмөц төрх байдалтай танилцаж нүд тайлж явцгаав. Хамгийн сонирхолтой нь аварга тосонгийн рашаан сувиллаас 7 км-ийн зайд орших Аураг рашаан байв. Байгалийн энэхүү эрдэст усыг уухад яг л “Кука” ууж буй мэт сэтгэгдэл төрнө. Газтай ус л гэсэн үг. Бид энэ сонирхолтой рашаанаас газар дээр нь нэлээн хүртлээ. Явахдаа гарт байгаа усны савнуудаа рашаанаар дүүргэлээ. Хэсэг яваад уг рашааны газ нь арилж, өнгө нь ногоон болж хувирахыг харав. Үнэхээр гайхалтай санагдав. Ийнхүү монгол эх орныхоо байгалийн гайхамшгийг харсаар, шагширсаар бид 7-р сарын 1-ний шөнө Өүлэн эх цогцолборт эргэн ирж хонов.

  Маргааш нь Улаанбаатарыг зүглэн хурдлав. Нийслэлд зарим аялагчдаа буулгаад зам шулуудлаа. Замдаа өлзийн бадруулагч хийд Аглаг бүтээлийн сүм үзнэ гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн явав. Энд ирээд хүн бүр 5000 төгрөгийн тасалбар авч автобустайгаа хийдийн бүсэд нэвтэрлээ. Байгалийн урланг бүтээлийн урлан болгосон энэ хийдийн оройн сүмүүдийг дамжин явахдаа хараад ханамгүй, үзэж дуусашгүй олон чулуун сийлбэр харж нүд, сэтгэлээ баясгалаа. Монголд ийм сайхан байгалийн урлан бүтээсэн бурханч лам Пүрэвбатад талархахаас аргагүй санагдав. Монголчууд сэтгэл оюунаа ариусгаж, итгэл бишрэлээ даатгах ийм сайхан мөргөлийн газартай болсон нь юутай сайхан. Гэр бүлээрээ дахин очиж тухтай аялмаар бурхан шашны өргөө энд байх ажээ.

  Аяллын 7 хоногт эх орны ийм олон гайхамшигтай түүх дурсгалын газартай танилцуулсан тус аяллын зохион байгуулагч, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны ахмадын зөвлөлийн дарга Д.Эрдэнэдалай, аялал зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт, Авто тээврийн байгууллагын дарга Д.Мөнхбаатар, Баяжуулах фабрикийн дарга Х.Отгон, Монгол улсын гавьяат эдийн засагч, Эрдэнэт үйлдвэрийн ахмад Д.Болдбаатар, Дадал сумын Засаг даргын орлогч Б.Баттулга, тус сумын ахмадын зөвлөлийн дарга Ц.Янжмаа нарт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны ахмадууд ихэд талархаж байна. Ерөнхий захиргааны ахмадууд дараа жилийн зун говийн аймгуудаар аялахаар товлон ярилцаж явсаар энэ удаагийн 2 мянган км-ийн аяллаа өндөрлөхөөр 7-р сарын 2-ний шөнө Эрдэнэтдээ эргэн ирцгээв. Дараа жилийн зун ойрхондоо, ойрхон. Монголын үзэсгэлэнт нутгуудаар аялаж түүх дурсгал, байгалийн сонин хачинг харж нүд тайлах тусам энэ сайхан эх оронд төрснөөрөө бахархах сэтгэл улам лавширна. Монгол эх орон юутай өргөн уудам, юутай үзэсгэлэн төгөлдөр...

Таалагдаж байна 1
0 Таалагдахгүй байна