Ярилцлага | 1 жилийн өмнө

Д.Баярмагнай: Маргаан бол аль ч улс төрийн түвшинд, ямар ч намд байдаг үзэгдэл

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Монгол улсад нутгийн  өөрийн удирдлагын тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан ИТХ-ын төлөөлөгч Д.Баярмагнайтай ярилцлаа. Түүний хувьд өмнө нь олонхийн үед ажиллаж байсан туршлагатай. Харин яг одоо цөөнхийн үед ажиллаж буй талаар бидний яриа өрнөсөн юм. Маргаан бол аль ч улс төрийн түвшинд, ямар ч намд байдаг үзэгдэл. Тэр нь боловсруулсан хөтөлбөр, амлалт, ард иргэдийн төлөөх үзэл бодлын маргаан байх ёстой гэдгийн онцоллоо. 

 - Та аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Энэ ажлыг хийхэд Би аливааг төлөөлж чадна” гэсэн сэтгэл, зориг шаарддаг болов уу гэж боддог. Анх яагаад төлөөлөгч болохоор, нэр дэвшихээр шийдсэн бэ?

- Аав, ээж хоёр маань 1978 онд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн анхдагчдын нэг. Би Эрдэнэт хотод хүүхэд насаа өнгөрөөж, ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. 1991 онд цахилгаан техникийн техникумыг цахилгаан системийн автоматжуулалт инженер мэргэжилтэй төгссөн. Төгсөнгүүтээ Эрдэнэт үйлдвэрийн ТА ба ТБТ цехэд цахилгаан хэмжүүрийн засварчингаар ажилд орж, Эрдэнэт хотдоо төвхнөж, гэр бүл зохиож Оюут багтаа /II хороололд/ амьдралаа эхэлж байлаа. Миний хувьд 2012 онд Эрдэнэт үйлдвэрийн ХМТАЦ-ын холбооны хэсэгт электроникийн инженерээр ажилладаг. Үйлдвэрт ажиллаад 20 гаруй жил болчихсон уурхайчдын төлөөлөл байсан.  Тухайн үед II, III, VI хороололд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 80, 90 хувь нь амьдардаг байсан учраас тэдний төлөөлөл болж ажиллахаар нэр дэвших үү гэдэг саналыг анх тавиад  нэр дэвшиж байсан. Одоо бол би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХМТАЦ-д холбооны хэсгийн даргын алба хашиж байна. Үйлдвэртээ 32 дахь жилдээ ажиллаж байна даа. 

- Хүүхэд ахуй наснаасаа өдийг хүртэл хотынхоо бүтээн байгуулалтыг харж, зарим зүйлд гар бие оролцож яваа хүний хувьд өнөөгийн Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлтийг хэрхэн дүгнэх вэ?

- Би багаасаа л ид бүтээн байгуулалтын үеийг үзэж, аав ээж маань гар бие оролцож ирсэн. Анх Эрдэнэт хотын хүн амыг 20 мянга байхаар төлөвлөж, тооцсон юм байна лээ. Тэр үеийг бодвол хот маань хөгжиж, 100 гаруй мянган хүн амтай худалдаа, үйлчилгээний төв, соёл урлаг, үйлдвэр, аж ахуйн нэгж, хорооллууд шинээр байгуулагдсаар байна. Энэ бүтээн байгуулалт, шийдвэр гаргах түвшинд оролцож ажиллаад өөрийнхөө мэдлэг чадварыг сориод үзье гэсэн зорилготой анх орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн л дээ.

- Тэр зорилгодоо хүрч чадсан уу?

- Хүрч байна гэж бодож байгаа. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тухайн үед тодорхой хэрэгцээ түвшинд хүртэл өөрийгөө боловсорсон гэж үзсэн. Тиймээс Эрдэнэт хотынхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах цаг нь болсон гэж үзээд улс төрд зүтгэсэн. Улс төрд зориг байхгүй бол болдоггүй юм байна лээ. Хамгийн гол нь хүний итгэлийг олж, өөрөө сэтгэл зүрхээ зориулж чадах ёстой.

- Зориг гэдэг үгийг тодруулбал? Улс төрийн зориг гэж таны бодлоор юуг хэлээд байна вэ?

- Улс төрийн зориг гэдгийг өөртөө итгэлтэй байж, ард иргэдийнхээ төлөө дуугарч, тэмцдэг, шийдвэр гаргах түвшинд зоригтой алхам хийж, иргэн, төр хоёрыг холбох гүүр нь байж чадахыг гэж хэлнэ.

- Таны хувьд өмнө нь олонхийн үед ажиллаж байсан туршлагатай. Харин яг одоо цөөнхийн үед ажиллаж байна. Хичнээн цөөнх ч гэсэн давуу тал байгаа байх. Энэ үеийн ялгааг юу гэж харж байна вэ?

- Аймгийн ИТХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Цөөнх болсон тохиолдолд мөрийн хөтөлбөр хэрэгжих магадлал тун бага. Тиймээс улс төрд хамгийн зөв шийдвэр бол ярилцаж, зөвшилцөх болов уу гэж боддог. Маргаан бол аль ч улс төрийн түвшинд ямар ч намд байдаг. Тэр нь боловсруулсан хөтөлбөр, амлалт, ард иргэдийн төлөөх үзэл бодлын маргаан байх ёстой. Харин хувийн асуудлаар маргаан үүсгэхийг зохистой  зүйл биш гэж боддог.

- Та МАН, АН хоёр хоорондын зөвшилцөлд хүрч чадаж байна гэж бодож байна уу?

- Чадаж байгаа. Манай аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Тэдний 20-оод нь анх удаа сонгогдсон, залуу хүмүүс. Улс төрийн ажил хийж байсан туршлага, ямар асуудлыг хөндөх, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэдийд нь тавих гэдгээс эхлээд, холбогдох шатны байгууллага, хэлтэс, албадынхантай ойлголцоод явах юм бол ер нь болохгүй зүйл, бүтэхгүй юм гэж байхгүй. Залуу хүмүүс болохоор эхэндээ ойлголцохгүй зүйл байсан. Харин одоо бол төлөөлөгч хүн ийм байх ёстой юм байна гэсэн эрх, үүргийн ойлголттой болсон гэж бодож байна.  

- 2012 оноос өмнө аймгийн төсөв хүндрэлтэй байсан шүү дээ. Орон нутаг өөрөө өөрийгөө санхүүжүүлж, зарцуулах эрх үүссэнээр төлөөлөгчдийн тойрогтоо хийх ажилд дөхөм болсон болов уу гэж бодож байна.

- 2012 оноос өмнө төсвийн эрх мэдэл Сангийн яаманд төвлөрч, УИХ-аас аймгуудад тодорхой хэмжээгээр хуваарилдаг байсан. Орхон аймаг төсвийн бүрдүүлэлтийн татаас авдаггүй хоёрхон аймгийн нэг нь шүү дээ. Уул уурхай өндөр хөгжсөн, Эрдэнэт үйлдвэрээс ихэнх орлого төсвөө бүрдүүлдэг аймаг. 2012 онд орон нутаг хөгжүүлэх сан бий болсноор жижиг дунд үйлдвэрүүд хөгжихөд ихээхэн дэмжлэг болсон. Ерөнхийдөө 2012-2016 онд бүтээн байгуулалтууд маш их хийгдсэн. Тэр үед төлөөлөгч нар сэтгэл зүтгэл гарган, амлалтандаа хүрч сайн ажилласан. Өөрийгөө ч тэдний нэг гэж боддог. Аливаа зүйл, хувь хүний өөрийнх нь хандлагаас л шалтгаална. Багаасаа хөгжлийг нь үе шаттайгаар харж, өдий зэрэгт хүрсэн хүний хувьд, өөрийнхөө хэмжээнд ард минь үлдэх үр хүүхэд, ирээдүйдээ зориулаад, Эрдэнэт хотоо бүх талаараа хөгжсөн жишиг хот болгочих юм сан гэж зорьдог доо.

- Таны хувьд, иргэдийн талархлыг хүлээж тойрогтоо хийсэн онцлох ажил, асуудлыг оновчтой шийдсэн шийдэл юу байсан бэ?

- Төлөөлөгч болоод хамгийн түрүүнд, багийн анхан шатны нэгж болох багийн байрыг иргэдэд ойртуулах, үйлчилгээ авахад нь нээлттэй болгох санаачилга гаргаж байсан. Үүнийгээ ч цаасан дээр буулгаж дэмжигдсэнээр Засаг даргын шийдвэр гарч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар төсвийг нь баталж байлаа. Анх гүйцэтгэсэн уг ажил маань хүн бүрийн сэтгэлд хүрсэн онцлох шийдлүүдийн нэг болов уу гэж боддог доо. Мөн бодлого, хөтөлбөр, хэлэлцэж буй асуудлуудад өөрийн мэдлэг, боловсол, туршалагаа ашиглан, аль болох чамбайруулах, илүү боловсонгүй болгоход тодорхой саналуудаа хэлээд явдаг. Төлөөлөгч хүний бас нэг чухал ажлын нэг бодлого тодорхойлох юм.  

- Төлөөлөгч болсноор хувь хүнийхээ хувьд олж авсан ололт амжилт хийгээд сургамжтай зүйл тань юу байв?

- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсоноор хувь хүнийхээ хувьд маш их хөгжсөн. Анх төлөөлөгч гэж хэн болох, түүний эрх, үүрэг ямар бодлого, шийдвэр гаргаж оролцох ёстой гээд мэдэхгүй зүйл байхын хувьд байсан. Шинээр сонгогдсон төлөөлөгч нарыг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, хурлын ажлын албанаас сургалтанд хамруулж, хэлэлцүүлж буй төслийг яаж унших, хэрхэн зөв асуулт тавих, хуулийн хүрээнд яаж ажиллах гээд олон зүйлд суралцсан. Түүнчлэн өөрөө бие даан эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлж, иргэдийн санал гомдлыг холбогдох байгууллагад дамжуулан, эргээд аймгийн ИТХ-аас гарсан шийдвэрийг танилцуулах замаар эргэх холбоотой байх, санаачилга гарган хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Энэ бол төлөөлөгчийн нэн түрүүнд хийх ёстой ажил. Тиймээс ч иргэдтэйгээ тулж хамтран ажиллах, өөрөө өөрийгөө олох тал дээр илүү суралцсан гэж боддог.

- Энэ жил Монгол улсад нутгийн  өөрийн удирдлагын тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлбэл?

- 1992 оны үндсэн хуулиар Монгол улс парламентын засаглалтай болж, хүний эрхийг дээдлэх, хувь хүний эрх чөлөөг баталгаажуулсан. Монгол улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг үе үеийн хурлын байгууллагад ажиллаж байсан дарга, төлөөлөгч нар болон Орхон аймгийнхаа нийт иргэддээ хүргэе!

        Ярилцсанд баярлалаа

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30