Ярилцлага | 1 жилийн өмнө

Л.Батсайхан: Ирэх 2026 онд 3,5 сая мод тарихад хүрэлцээтэй үрийг нөөцөлж чадсан

Сэтгүүлч
Ц.Ариунчимэг

Энэ жилээс эхлэн Орхон аймагтНогоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.  Уг хөтөлбөрийн биелэлттэй холбоотой мэдээллийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайханаас тодрууллаа.

-Шинээр хэрэгжиж эхэлсэн “Ногоон Эрдэнэт хөтөлбөр” эхний жилдээ ямар үр өгөөжтэй байв, Мэдээж үр дүн тодорхой хугацааны дараа гарах байх?

-Ногоон Эрдэнэт хөтөлбөр гурван гол зорилт тавин хэрэгжиж эхэлсэн. Нэгдүгээрт  Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын Ерөнхийлөгчтэй хийсэн гэрээний дагуу  2030 он хүртэл 20 сая ширхэг мод тарина.  Ойн зурвас, авто зам, төмөр зам дагуу газар тариалангийн ойн зурвасууд байгуулах, ойн сан бүхий газруудад доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалт хийх, жимсний аж ахуй хөгжүүлэх ажлыг хийнэ.

Хоёрдугаарт, Эрдэнэт хотын ногоон байгууламжийг дэлхийн хотуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээтэй дүйцүүлэх. Одоогийн байдлаар нэг хүнд 4,5 метр квадрат ногоон байгууламж ногддог. Үүнийг 18 метр квадрат хэмжээнд хүргэх, хотын ногоон байгууламжийг 500 га талбайгаар нэмэх зорилт тавьсан. Дараагийнх нь  мод тарьсан иргэдийг урамшуулах, өрх бүр хашаандаа мод тарих ажлыг зохион байгуулах. Өнгөрөгч 2021 оны жилийн эцсийн судалгаагаар 14 мянга гаруй хашаатай, 13400 ширхэг ердийн галлагаат зуух байдаг гэсэн судалгаа гарсан.  Бид зуух бүрийн тоогоор мод тарьж чадвал өвөл ялгаруулж байгаа нүүрстөрөгчийг зун нь хүчилтөрөгч болгох боломжтой юм.

-Бүх нийтээр мод тарих өдөр, хавар намрын мод тарилтаар хэчнээн мод тарьсан бэ, Энэ жилийн зорилтдоо хүрч чадсан уу?

- Аймгийн хэмжээнд 1 сая 234 мянган ширхэг мод тарьсан. Хаврын мод тарилтаар 200 мянга, намрын мод тарилтаар 108 мянган ширхэг мод тарилаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ  920 мянга гаруй ширхэг модыг тарьсан дүн мэдээтэй байна.

Сум дундын ойн анги, Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран нийт 16 байршилд  тооллого хийхэд дундаж ургалт нь 83 хувьтай гарсан. Намрын тарилтаар нөхөн тарилтыг хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах ойн зурвасыг бий болгох ажлыг зохион байгууллаа.

-Өнгөрсөн 2021 онд мод тарьж буй иргэдээ шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулж байсан.  Энэ ажил 2022 онд үргэлжилсэн. Нийт хэчнээн хүнийг урамшуулсан бэ?

- Өнгөрсөн 2021 онд аймгийн Засаг даргын захирамжаар “Ногоон Эрдэнэт” болзолт уралдааныг зарлаж, мод тарьж ургуулсан иргэдээ урамшуулсан. Хавар тарьсан модыг намар нь, харин намар тарьсныг дараа оны хавар нь тоолж, гэрийн хашаанд буюу тарьсан орчинд тоолж, хамгийн их үр дүнтэй тарьсан байдлаар урамшуулсан.

Болзолт уралдаанд орсноос хойш нийт тарьсан модных нь тоог харгалзан үзнэ. Ирэх 2025 онд хоёр дахь үе шатны урамшуулалд нийт хугацаанд тарьсан мод дундаж ургалт, дөрвөн жилийн дараа ямар үр өгөөжтэй байгаагаар нь урамшуулна.

 Чанартай тарьсан, мод болгож ургуулж чадсан айл өрхийг шагнана. Энэ жил мод тарьж, ургуулсан 17 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулж, урамшуулан өссөн дүнгээр 38 иргэн ААНБ-ыг урамшууллаа.

-БОАЖЯ-наас “1000 сургагч багш” бэлтгэх сургалтад иргэдийг хамруулж, мод тарих ажлыг эрчимжүүлэхэд анхаарсан. Энэ талаар ярилцъя?

-Улсын хэмжээнд мод тарих сургагч багшийг бэлтгэхээр болсон. Сургагч багш бэлтгэснээр сум, багийн түвшинд мод тарих ажлыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах,  БОАЖЯ-наас сум тус бүрт гурван иргэнийг сонгон суралцуулахаар шийдвэрлэсэн. Баян-Өндөр, Жаргалант сумаас зургаан иргэнийг сургалтад хамруулсан.

 Аймгийн хэмжээнд 750 гаруй иргэнийг сургалтад хамруулж, тухайн иргэд хөршүүдээ уриалан мод тарихад анхаарч ажиллана. ХАА-н  МСҮТ-тэй хамтран мод тарих хүсэлтэй иргэдэд сургалтад зохион байгуулсан. Бас нэгэн онцлог ажил нь сургууль цэцэрлэгийн багш ажилчдад бичил мод үржүүлэг байгуулах сургалтад хамруулж чадлаа. Сургууль тус бүрт 3-5 хүний бүрэлдэхүүнтэй мод тарих ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

-“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр эхний жилийн биелэлтдээ хүрсэн үү, дараа дараагийн жилүүдэд хийх онцлог ажил нь юу вэ?

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр 2022 онд 850 мянган ширхэг мод тарих төлөвлөгөөтэй байсан. Энэ биелэлтээ давуулан биелүүлсэн. Харин тарьсан модны ургалтын чанар 2030 онд харагдах байх.  Мод тарьснаас хойш таван жилийн дараа байгальдаа дасан зохицож эхэлдэг. Эрдэнэт үйлдвэр улсдаа манлайлж, 900 тонн хүчин чадалтай зоорь байгуулсан. Энд модлог ургамлын цэвэр шилмэл сортын үрийг хадгалж, зарж борлуулах юм.

Ойн генетик нөөцийн  Эрдэнэт төвд 10 төрлийн навчит модны 900 гаруй кг үрийн нөөц бүрдэж, хадгалж байна. Мод үржүүлгийн газрууд 1,6 тонн модлог ургамлын үр бэлтгэж байна. Ингэснээр ойрын жилүүдэд 2026, 2027 онд 3,5 сая ширхэг мод тарихад хүрэлцээтэй үрийг нөөцөлж чадсан.  “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн биелэлт хангалттай, иргэн аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцсон жил болж өндөрлөж байна. Мод тарьж орхих биш ургуулсан иргэдэд урамшуулал олгоход анхаарч ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30