© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Бороотой хамт болзох уу?
Бороотой хамт болзох уу?

Чшш бороо орж байна, хайрт минь. Анхны учрал, дулаахан үгс, анхны үнсэлтээ санагалзан дахин нэг болзох уу? Амьдралын олон асуудлаас болж хэзээ сүүлд эрхэлсэн билээ гэж бодох зуур аадар бороо улам ширүүн асгарч байна. Яг л дотор хурсан бодлуудыг хуу хамж урсгах шиг... Алив бороотой хамт дахин нэг болзох уу, хамгийн тэнэг яриаг минь өхөөрдөж нэг сонсох уу, хүүхэд шиг хөөрдөг үедээ дахин нэг очих уу, юу ч бодолгүй борооноор хөтлөлцөж хамт гүйх үү, гараад ир хайрт минь.

 Хүүхэд байхдаа бороонд дуртай байлаа, том болоод борооноос нуугддаг, хоргоддог болдог юм байна. Асуудлаас нуугдчих булан, тухтайхан сууж цай уудаг хэсэгт хамгийн ихээр татагддаг болж. Буйдангийн буланд суух сайхан санагдаж, ганцаараа кофе ууж нарны элч төөнөхийг мэдрэх, сэвшээ салхи хацар элбэн таалахыг хүртэл мэдэрдэг нь таашаалтай санагддаг болчихсон байх юм. Айлын хүүхэд уйлахад эмзэглэж, бусдын асуудлыг шийдчихсэн юм сан гэх мэт хэрэгт хэрэггүй бодлууд ээлжилсээр өдөр хоног өнгөрдөг болжээ.

Олон нийтийн газраар явахаас илүүтэй буланд, мухарт шигдэх нь тав тухтай санагдаж, гүн бодолд автаж, гүнзгий амьсгаа их ээ авах юм. За өмнөх бодлоосоо хэтэрхий хальж одлоо бороо, болзоогоо дахин санах ёстой шүү дээ. Яг энэ бичвэр шиг эхлэл нь дундаа замхарчихсан олон асуудал дунд тухтай бодлогошрон суух завгүй өдрүүд үргэлжилсээр байна даа, тийм ээ.

Бороонд хөтлөлцөж гүйдэг байсан эрх насаа дурслаа. Алив хайрт минь бороонд хамтдаа болзох уу, гэтэл нөхөр хүүхдүүдээ сургуулиас нь зөөж явна. Бага хүүгийн ангид дэвтэр бал хэрэг болжээ, дунд охины ангид анги тохижуулах хэрэгтэй гэх мэт асуудлууд хөвөрсөөр бороо зогсож тэнгэр цэлмэв. Үнэндээ ээж аавд нь бороонд болзох зав байсангүй. Урагшаа харж нэгийг, хойшоо эргэж хоёрыг амжуулдаг залуу гэр бүлийн асуудлууд их ээ. Гэхдээ хүүхдүүд минь нэг л зүйлийг ойлгож аваарай залуу байгаа дээрээ болзоорой, борооны дуслуудыг мэдэрч, хаврын салхины сэвшээнд хацраа илбүүлэн илбүүлэн үнсүүлээрэй. Том болохоор бүх зүйлийг амжихгүй болдог юм байна. Өглөөний мандах нарыг хараарай, үдшийн бүрий хүртэл дуулж, дурлаж өнгөрүүлээрэй. Ай тэгээд амьдралын эд насанд бороо бидэнд дурсамж болон үлддэг юм байна. Алив хайрт минь бороонд болзож амжаагүй ч буйдан дээрээ тухлан сууж халуун цай ууя, энгэрт нь наалдаж хэсэг сууя. Маргааш бид хоёрыг завгүй өдөр дахиад угтана. Дурлал, дурсамж хоёроо хадгалан урагш тэмүүлэх уртаас урт амьдрал хүлээж байна.

/ 20 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц