Энэтхэгийн 84 шидтэний нэг Наро Банчэн гэгээнтэн маргааш буюу аравдугаар сарын 6-ны өдөр Орхон аймагт морилж, Бурхан багшийн сэргээн бүтээсэн дүрд аравнай өргөнө. Аравнай өргөх ёслолын үйл ажиллагаа 12:00-13:30 цагийн хооронд Орхон аймгийн Бурхан багшийн сэрэг дүр буюу “Их Шүтээн цогцолбор”-т болно. Иймд сүсэгтэн олон та бүхнийг буян номын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Бурхан багшийн сэрэг дүр буюу “Их Шүтээн цогцолбор”-ыг сэргээн засварлаж, өнгө үзэмжийг шинэчлэн, орчны тохижилтыг сайжруулсан байна. Тус ажлын хүрээнд цогцолборын гадна, дотор засвар, сэрэг дүрийн өнгөлгөө, орчны тохижилт, ногоон байгууламж болон авто замын шинэчлэлийн ажлыг хийжээ. Гүйцэтгэгчээр “Бодь Хангай” ХХК ажилласан байна. Тодруулбал, цогцолборын суурийн хэсгийг усан дээр дэлгэрэх бадамлянхуа цэцгийн дүрслэлээр чимэглэжээ. Буддын шашинд бадамлянхуа цэцэг нь булингарт уснаас урган гарсан ч хиргүй, ариун дэлбээгээр дэлгэрдэг онцлогоороо цэвэр ариуныг бэлгэддэг. Мөн зулын бадмыг бэлгэдсэн алтлаг суурьтай гэрэлтүүлгийн шийдлийг шинээр хийсэн байна. “Их Шүтээн цогцолбор”-ыг Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ой болон Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан, иргэдийн хандив, дэмжлэгээр бүтээн байгуулж, 2011 онд ашиглалтад оруулсан түүхтэй.