© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
М.Нэргүй: Гэмшихгүй, зэмлэхгүй өсөх сэтгэлээр санхүүгээ удирдах боломжтой
М.Нэргүй: Гэмшихгүй, зэмлэхгүй өсөх сэтгэлээр санхүүгээ удирдах боломжтой

Бизнес, эдийн засаг, манлайллын талаарх бодит туршлага, шинэ өнцөг, хэрэгжүүлж болох санааг хүргэх Business AM ярилцлагын булан эхний дугаараа толилуулж байна. Анхны зочин “EPRC” судалгааны төвийн эдийн засагч, судлаач М.Нэргүй.


-Сүүлийн үед санхүүгийн суурь судалгаагаа оновчтой гаргах, мөнгөтэй харьцах, мөнгөө удирдах арга ухааны талаар хүмүүс илүүтэй сонирхох болсон байна. Юуны өмнө та мөнгөний талаарх өөрийн бодлыг хуваалцаач?

-Миний хувьд бизнесүүдэд консалтинг үйлчилгээ буюу орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Манай хөтөлбөрт хамрагдсан олон бизнесийн орлого өсөлттэй яваа. Орлого өсөхийн хэрээр бусад асуудал шийдэгдэнэ гэж харж байсан боловч 1-1,5 жилийн хугацаанд орлого өссөн ч тэр хэрээр зардлууд нэмэгдэж, асуудлууд дагаад бий болсон байсан. Ингээд, орлогыг өсгөхөөс илүү зардлыг удирдчихвал надад үлдэх ашгийн хэмжээ илүү байх боломжтой юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн.

Хоёрт, хувиараа 30 орчим сая төгрөгийн өрөнд орж, 4 сарын дотор өрөө дарсан. Энэ хугацаанд хувийн зардалтайгаа нийлээд 40-50 сая төгрөгийн орлого олсон байсан. энэ маягаар явахад болох юм байна гэж бодож байталд дараагийн 1-2 сарын хугацаанд орлого олоогүй, бас л мөнгө үрсэн байсан. “Их орлого олж чадсан хэрнээ яагаад 2 сарын дотор ийм хайхрамжгүй байдал үүсгэчихэв ээ” гэж өөрөөсөө асуухад хүрсэн дээ. 

-Маш сонирхолтой санагдаж байна. Дараа нь та ямар алхам хийсэн бэ?

-Ингээд өөртэйгөө ажиллаж эхэлсэн. Тархины цаана юу болдог, хүмүүс мөнгөтэй харьцахдаа яагаад айж, ичээд байдаг талаар их ч уншиж судалсан. Шинжлэх ухааны үнэдслэлтэй дэлхий дахинд хийгдсэн судалгааг уншиж ойлгосны эцэст “Тархины процессоо ойлгочихвол мөнгөтэй харьцах амархан юм байна” гэдэгтэй санал нэгдсэн. Үндсэндээ бидний бодол мэдрэмж, сэтгэлзүйн хариу үйлдэл, үр дүн мөнгөтэй байх эсэхийг тодорхойлдог гэх үү дээ.

Бид газрын хөрсөн дээр байгаа зүйлтэй тэмцээд үр дүн олохгүй, харин газрын дор буюу миний сэтгэлд, харах өнцөг, итгэл үнэмшилд нуугдсан мөнгөний талаарх ойлголтоо таньж мэдэх, мөнгө надад ямар мэдрэмж төрүүлж байна вэ, мөнгөний талаар би ямар мэдлэг мэдээлэл дутуу байна вэ, би юуг мэдэхгүй байгаа болоод мөнгөө удирдаж чадахгүй байна, мөн мөнгө надад ямар түүх агуулж байгааг ойлгож ухаарснаар урт хугацаандаа мөнгөө удирдах боломжтой.

-Та бидэнд санхүүгийн сургалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Санхүүгийн сахилга бат гэдэг танах хэмнэх тухай ойлголтыг өөртөө агуулдаг учраас зохистой үг биш юм. Харин санхүүгийн эрүүл, тайван зан төлөв буюу хямралтай, аль эсвэл орлоготой, их мөнгөтэй байсан ч ирээдүйд би юуг хийж бүтээж чадах вэ гэдэгтээ итгэлтэйгээр одоо байгаагаа хийх, цаашид хийсээр байх нь чухал юм. Хүн бүр ийм тайван зан төлөвтэй болчихвол ирээдүйд мөнгөө удирдаж чадна. Би юуг хийж чадах вэ, миний хүсэл мөрөөдөл юу вэ, би хаа хүрэхээр зорьж байна вэ гэдгээ тодорхойлж, итгэл үнэмшлээ өөртөө суулгах хэрэгтэй. Энэ бүхнийг багтаасан 6 модультай хөтөлбөр боловсруулан гаргасан.

-Сургалтын арга техникээр оюун санаа, далд ухамсарт хадгалагдсан итгэл үнэмшлийг өөрчлөх боломжтой гэж үү? Итгэл үнэмшлээ өөрчилж чадвал хүн бүр мөнгөний асуудлаа өөрөө шийдвэрлээд сурчихна гэсэн үг үү?

-Миний мөнгөнтэй холбоотой суурь итгэл үнэмшил юу байна вэ, хүүхэд байх үед нийгэмд болон миний эргэн тойронд, гэр бүл, найз нөхөд дунд ямар яриа яригддаг байсан бэ, одоо их хэмжээний мөнгөтэй боллоо гэж төсөөлөхөд айдас, дарамт, түгшүүр зэрэг ямар тухгүй мэдрэмж төрж байна вэ, ер нь мөнгөтэй холбоотой саад бэрхшээл амьдралд минь тулгарч байсан уу, түүнийгээ хэрхэн даван туулсан бэ, даван туулахдаа маргаантай, хэцүү байсан уу, аль эсвэл энэ бэрхшээлийг боломж болгож эв зүйгээр даван туулсан уу гэх зэргээр оролцогчид өөр хоорондоо ярилцаж итгэл үнэмшлээ гаргаж ирдэг. Өнгөрсөн хугацаанд бид эдгээр сөрөг итгэл үнэмшлээ нуухын тулд асуудлаа мөнгөөр шийдээд яваа юм. Тухайлбал, ичих, айх мэдрэмж, ядарснаа хүртэл бид мөнгөөр шийддэг. Үндсэндээ миний одоогийн санхүүгийн байр байдал бол миний дотоод мэдрэмжүүд, итгэл үнэмшлийн дүр зураг, бодит илрэл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байгаа юм.

-Мэдээж итгэл үнэмшлээ дээрх байдлаар өөрчилж чадсан хүн дараагийн алхамаа хийх хэрэгтэй болно шүү дээ. Тэгвэл дараагийн алхам нь юу байх вэ?

-Хувь хүнд санхүүгийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал, санхүүгийн мэдлэгт Олон Улсын валютын сан, Дэлхийн банкнаас тухайн өрхийг багадаа 3-6 сарынхаа хэрэглээтэй тэнцэхүйц бэлэн мөнгийг хадгалах нь таныг эрсдэлд оруулахгүй гэсэн зөвлөмж өгдөг. Гэтэл Монгол Улсад хадгаламж хуримтлуулдаг хүн маш цөөн. Яагаад хийдэггүй вэ гэхээр, орлогынхоо тодорхой хувийг хадгална гэсэн ойлголт байдаггүй, харин хэрэглээнээс илүү гарснаа хадгал гэж ойлгодог. “Нэг төгрөг олбол түүнийхээ нэг центийг хадгал” гэдэг зарчмаар ухамсартаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ мэтээр бидэнд ямар үг яаж тусаад байна вэ гэдгээ анзаарах нь өөрийгөө ойлгохын эхлэл болдог.

Өнөөдөр иргэд бэлэн мөнгөний тодорхой хэмжээний хуримтлалгүйгээс болоод өвдөх, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зэрэг ямар нэг асуудлаас үүдэн өр үүсдэг. Нөгөө талдаа орлогоосоо давсан хэрэглээтэй хүмүүс байдаг. Хэрэглээгээ ихэвчлэн зээлээр шийддэг учраас ирээдүйн орлогоосоо хэрэглээд байна гэсэн үг л дээ. Бид маргааш, нөгөөдөр гэх мэтээр ирээдүйд очиход тэнд авах орлогоо аль эрт үрчихсэн, хэрэглэчихсэн байх жишээтэй. Энэ үед мэдээж орлого байхгүй. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэж бодоод өөрийгөө хөгжүүлэх, ямар нэг зүйл бодож сэтгэх, шинэ мэдлэг хуримтлуулах шаардлага гарсан үед мөнгө байдаггүй. Ингээд л нөгөө циклдээ эргээд байгаа юм.

-Магадгүй бидний ярилцлагыг уншаад санхүүгээ удирдаж сурахыг хүссэн хүн байвал хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

-Өөртөө аль болох зөөлөн хандах хэрэгтэй. Гэмших, буруутгах, өмнө нь хийсэн зүйлээ бодож шаналах, зэмлэж байгаа хүмүүсийн үгийг өөртөө гүн хүлээж авахгүй байх зэргээр энэрэнгүй хандана. Ингэснээр алдагдсан санхүүгээ удирдаж чадна. Хүний амьдралд хаа нэг үе заавал хямрал үүснэ, ирээдүйд ч тохионо. Тэр үеийг ямар сэтгэхүй, итгэл үнэмшил, бодлоор давж гарахыг санхүүгийн эрүүл зан төлөв гэж хэлээд байгаа юм. Их орлоготой хүнийг бус хямралаа хэрхэн даван гарах аргаа мэддэг байх чухал. Өөрөөр хэлбэл, ямар хоол идэж, ямар дасгал хийгээд хэвийн жиндээ байхаа мэддэг хүнийг хэлнэ. Нэгд, Би давж гарч чадна гэж өөртөө итгэх, Хоёрт, юуг хийж чадахаа мэддэг байх, Гуравт, түүнийгээ хийдэг байх хэрэгтэй.

-Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ? Иргэдэд ямар зөвлөгөө өгөх бол?

-Эдийн засгийн хямрал явагдаж байгаа тул хэрэглээгээ танах нь хамгийн хялбар арга. Мөн боломжит хувилбараар орлогоо өсгөх арга олно. Хэрэглээг танахад хэцүү нэг зүйл нь тухайн хүнд сэтгэлзүйн дарамт буюу хүний дор орсон мэт мэдрэмж төрүүлэх гээд байдаг.  Эдгээр сэтгэлзүйн асуудлаас болоод хэрэглээгээ танаж чадахгүй байх нь бий. Мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалчтай ажиллаад, энэ асуудлаа олчихвол тухайн нөхцөлд хэрэглээгээ танах нь байдаг л зүйл гэдгийг ойлгоно. Жин хасаж, булчингийн массаа нэмэгдүүлэх гэж байгаа хүн дэглэм барихад муу хүн шиг харагддаггүй. Үүний нэгэн ижил хэрэглээгээ танах нь байх л зүйл. Ер нь бол ухаалаг хүний хийдэг үйлдэл тул санаа зовох зүйл байхгүй. Өнөөгийн нийгэмд бид өөртөө итгэх итгэлээ мөнгөөр худалдаж аваад байгаа юм. Брэндийн цүнхтэй болох, гоё машин унах, заавал тэр хороололд амьдрах зэргээр үүнийг тодорхойлж болно л доо. Гэтэл өөртөө итгэх итгэлээ өөр зүйлээс авч болдог.

-Мөнгөний талаарх бидний яриа хүний ухамсар, итгэл үнэмшилтэй холбоотойг та хэллээ. Энэ ярилцлагын төгсгөлд мөнгө олох амархан юм шиг санагдаж байна?

-Мөнгө миний эцсийн зорилго биш. Би яаж мөнгөтэй болох вэ гэхээс илүү би яаж тайван, өөртөө итгэлтэй, чин сэтгэлээсээ, зөөлөн байх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Үндсээ танихгүйгээр дээр нь ургаж байгаа зүйлийг мянга тайраад нэмэргүй шиг итгэл үнэмшлээ өөрчлөхгүйгээр амжилтанд хүрэхгүй. Магадгүй, өндөр дүнтэй худалдан авалт хийхийн оронд 10 хувиар нь өөрийгөө шагнаад, 90 хувьд нь “Би чадлаа” гэдэг үгээр сэтгэлийн дэм, урам өгөх, чанартай цагийг өөртөө зарцуулах байдлаар итгэл үнэмшлээ солих боломжтой. Зээлийг зээлээр шийдэх нь амархан байгаа ч яавал би энэ зээлийг өөр орлогоор дарж болох вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж шийдвэл илүү зүгээр. Орлогоо бичээд суух цаг гаргах, үүнийг шийдэж чадах ур чадвар, эрдэм мэдлэг өөрт тань байгааг олж харах, төвлөрч суух, өөртэйгээ ажиллах нь эхний алхам болж чадна. Үүний дараа мөнгө олох илүү хялбар болж ирнэ. Бүгдэд нь амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

/ 18 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц