© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Мэдээ
Meetup in Erdenet
Сэтгүүлч У.Уранцэцэг: Хуулийг иргэдийн нулимсаар өгүүлж, бодит амьдралыг хальсанд буулгасан
Сэтгүүлч У.Уранцэцэг: Хуулийг иргэдийн нулимсаар өгүүлж, бодит амьдралыг хальсанд буулгасан

"MEET UP IN ULAANBAATAR" - энэ удаагийн зочноор “ASU.mn”-ийн гүйцэтгэх захирал, эрхлэгч У.Уранцэцэгтэй “Үнэ цэн” баримтат кино хэрхэн бүтсэн талаар цөөн хором ярилцлаа. Эрх чөлөөгөө хасуулсан аав ээжүүд, залуус, өвсөр насны хүүхдүүд өглөөний мандах нарыг торны цаанаас харахдаа юу мэдэрдэг бол? Нялх үрээ энгэртээ тэвэрсэн ээж сэтгэлдээ юуг тээж үлддэг бол? Энэ бүхнийг бид “Үнэ цэн” баримтат киноноос мэдэрч, ухаарч чадна. Уран зохиол уншиж, уран сайхны кино үзсэн ч сэтгүүлчийн бодолд ургаж, зүрхэнд амилсан тэр торгон агшин, амьсгаа давхцаж, зүрх шимшрэм бодит үнэнийг бүрэн мэдэрч чаддаггүй. Харин энэхүү бүтээл нь нэмэлт хачир, хийсвэр дүрслэл, уран сэтгэмжийн илүүдэлгүйгээр бодит амьдралыг нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдэхээр өгүүлжээ. Ийнхүү бодит байдлыг ухааруулсан, хүн бүрийг эргэцүүлэн бодоход хүргэх онцгой нэгэн бүтээл мэндэлжээ.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? Үнэ цэн баримтад киноны хийх үүсгэл санаа хэзээ төрсөн бэ?

-Би эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр 15 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүлч хүний өнцгөөс харахад мэдээллийг шуурхай хүргэж байгаа ч тухайн үйл явдлын процессыг тэгжээ, ингэжээ гээд мэдээллээд, бичээд өнгөрч байгаа нь нэг л дутуу, учир дутагдалтай санагддаг байсан. Ингэж ажиллах хугацаандаа “Бүрэн хэмжээний, баримтат кино хийх юмсан” гэсэн мөрөөдөлтэй болсон доо. Анх Хууль зүйн яаман дээр хүний эрх, хорих ангитай холбоотой эргэлзээтэй олон асуултад нэг дор ойлголт өгөх, хүний эрх ямар байдаг вэ, үнэхээр зодож нүдээд байдаг уу гэдгийг нягтлахыг хүсэж хүсэлт тавьсан, хүлээсэн. Ингээд хоёр жилийн өмнө буюу ШШГЕГ-ын дарга н.Нандин-Болорын үед тус газарт төслөө танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар “Баримтат кино хийлгэх нь зөв юм байна, эргэлзээтэй олон асуултад хариулт өгөх юм байна, дэмжье” гэсэн шийдвэр гарсан. 

Кино студийнхэн хорих ангийн орчин нөхцөлийн талаар ташаа мэдээлж, гүтгэх тохиолдол цөөнгүй гарч байгааг тэд дурьдсан. Үндсэндээ 2000 оноос өмнө хоригдлууд зарим нэг хүчин зүйлийн улмаас нас барах тохиолдол байсан ч бодлогын түвшинд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнд шинэчлэл хийгдэж, нөхцөл байдал сайжирч, өөрчлөгдсөн юм байна. Энэ бүхнийг иргэд төдийлөн мэдэхгүйгээс гадна би өөрөө ч энэ бүхнийг сайн мэдэхгүй байсан. Зураг авалтын үеэр зураглаач нар маань хоргидлуудыг, “Татвар төлөхгүй, улсаас хооллож, хувцас хэрэглэлээр нь хангаж байна, ажил хийж цалин аваад хоногоо хасуулчихна, байрны түрээс, унааны мөнгө төлөхгүй, гоё орчин нөхцөлд амьдарч байна” гэдгийг ч хэлж байсан. Яг үнэндээ эдгээр шинэчлэл хийгдээд 20 жил өнгөрч байхад бид мэдээгүй л байна шүү дээ.

- “ҮНЭ ЦЭН” баримтад кинонод амьдрах орчин нөхцөл, улсаас хэрэгжүүлсэн бодлогын тухайд өгүүлсэн гэдгийг та хэллээ. Харин хувь хүний талаас нь ямар өнцөг харуулах бол?

-Энэхүү уран бүтээлээрээ дамжуулан зовлон үзсэн хүмүүсийн дуу хоолойг олон хүнд хүргэхийг зорьсон. Тэд юу бодож суудаг, эрх чөлөөний үнэ цэн, яагаад амьдралд бүдэрч хорих ангид орсон зэрэг олон өнцөг харуулна. Хөдөлмөр эрхлэх насныхан нийгэмдээ маш их зүйлийг хийж бүтээх ёстой байтал яагаад тэнд байна вэ гэдгийг өөрөөр нь яриулахыг хүссэн. Агуулгын хувьд маш том. Тийм ч учраас эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ хамт суугаад үзээсэй гэж хүсч байна. Хүүхдүүд ч наад зах нь буруу хүмүүстэй нийлж, буруу замаар явбал хаана хүрдэг, хоригдол гэж хэнийг хэлэх, эрх дураар явах насан дээрээ яагаад шар хувцас өмсөөд суух болов гэдгийг гүн гүнзгий ойлгож авах байх. Эхнэр хүүхдээсээ салж, эцэг эхээ алдаж байгаа өдрүүддээ хажууд нь байж чадаагүй эрх чөлөөгүй амьдрал ямар хэцүү болохыг өгүүлснээр магадгүй хэн нэгний гэмт хэрэг үйлдэх сэдэл санааг болиулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. энэ бүхнийг харуулах гэж маш том баг бүрэлдэхүүн ажиллалаа.

-Эрх чөлөөний тухай өгүүлсэн энэ том бүтээлийн ард гарчихаад уужуу амьсгаа авахдаа та өөрөө эрх чөлөөг чухам юу гэж ойлгов?

- Нэг л зүйл бодогдсон. Хэдий хоргидлуудын орчин нөхцөл сайжирч байгаа ч дотоод журамдаа заасны дагуу хоорондоо ярих, харилцах боломж байдаггүй. Гэтэл хүнд ярих, харилцах хэрэгцээ бий шүү дээ. Тиймээс оюун санааны эрх чөлөө гэдэг ямар чухал болохыг ойлгож мэдэрсэн дээ. Ер нь гэмт хэрэг үйлдэж байсан тэр мөч жил ирэх бүр тухайн хүнийг дотроос нь мэрж, ялаа эдэлж дуусаад гарах болоход “Гарахгүй” гэсэн айдас, эргэлзээ, түгшүүр төрүүлдэг байх нь. Энэ маш хэцүү санагдсан “Би гармаар байна” гээд орилмоор байгаа ч чаддаггүй, гарахгүй гэсэн хүн олон байна. Ингээд бодохоор энгийн амьдрал сайхан юм. Бидний хувьд өглөө бүр хүүхдүүдтэйгээ хамт сэрж, нийгэмдээ хувь нэмэр оруулаад явж байгаа нь маш том үнэ цэн юм байна гэдгийг ойлгосон. Зураг авалтын үеэр нэг хоригдол хэлж байсан, “Өглөө босоод ирэхэд ээж минь “Цайгаа уугаарай” гэж хэлэх л аз жаргал байж, энд орж ирээд ухаарлаа” гэсэн.

Эхнэр хүүхдээсээ салж, эцэг эхээ алдаж байгаа өдрүүддээ хажууд нь байж чадаагүй эрх чөлөөгүй амьдрал ямар хэцүү болохыг өгүүлснээр магадгүй хэн нэгний гэмт хэрэг үйлдэх сэдэл санааг болиулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. энэ бүхнийг харуулах гэж маш том баг бүрэлдэхүүн ажиллалаа.

-Аливаа уран бүтээлийн “хөшигний” ард юу өрнөж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ, таны хувьд бүтээл “төрсөн” явц дундаас ямар зүйлийг онцлох вэ?

-Олон хүний зовлон сонсох нэг талдаа харамсалтай байсан. Өөрөө уйлж, сэтгэл гутралд орж, дахин монтажаа хийж, хүмүүсийн яриаг сонсож суух амаргүй байсан ч киноны арын албанд продюссерээр ажиллахдаа маш их зүйл сурч мэдлээ. Хорих ангийн босго давсан эхний жилдээ тэр хүн ямар байсан юм, 20 жилийн дараа ямар болж өөрчлөгдөв гэдгийг харуулахын тулд их ч судалгаа хийсэн. Нэг газартаа удаан байгаад ирэхээр дасан зохицоод, тэндээ байх сонирхолтой хүмүүс ч байна. Тэдний хувьд хорих анги илүү амар буюу гарч ирээд нийгмийн амьдрал, түүнээс үүдэлтэй элдэв асуудлаас залхах хандлагатай болсон нь муухай санагдсан. Тухайн хүн хэн нэгний өмнө хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна шүү дээ. 

-Уран сайхны киноноос ялгаатай тал их байсан. Яагаад ч юм үзээд сууж байхад сэтгүүлчийн бүтээл гэдэг утгаараа мэдээллийг тухайн киногоор дамжуулж өгч байгаа нь мэдрэгдсэн. Бид хорих ангийн хянагч нарыг ууртай, хэрцгий гэж төсөөлдөг бол тэнд яриа өгч байгаа хянагчдын харц төсөөлснөөс илүү зөөлөн санагдсан. Бас Солонгос юмуу Япон кино үзээд хэзээ ч төрж байгаагүй “Хүн гэж юу вэ” гэсэн бодол, эргэцүүлэл төрсөн?

-Шүүх шийдвэртэй холбоотой мэдээллүүд буруу байдаг юм байна. Иргэд, “Эд нар ороод зодож л байгаа ш дээ” гэх зэргээр киноноос харсан зүйлдээ л итгэдэг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 20 жилийн өмнө батлагдсан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, цэрэгжилтийн маш өндөр зохион байгуулалттай, хүний эрхийг дээд зэргээр хангасан байдгийг олж харсан. Миний хувьд, тухайн байгууллагын удирдлагууд сэтгүүлчийн асуултад яагаад хариулдаггүйн учрыг кино багт ажиллах явцдаа л ойлгож ухаарлаа. Хүний амьдрал, амь нас, нууцын зэрэглэлтэй хувийн мэдээлэл байдаг учраас нийтэд дэлгэх ёсгүй байдаг юм байна. Магадгүй, үүний цаанаа тухайн хоригдол амиа хорлох эрсдэл ч гаргаж болзошгүй тул алхам тутамдаа хариуцлагатай ханддаг юм байна.

Өөрөө уйлж, сэтгэл гутралд орж, дахин монтажаа хийж, хүмүүсийн яриаг сонсож суух амаргүй байсан ч киноны арын албанд продюссерээр ажиллахдаа маш их зүйл сурч мэдлээ.

Энэ бүхнийг хараад нэг талаас ямар хэцүү юм бэ гэж бодогдож, нөгөө талдаа үнэхээр хайр хүрсэн. Тэд насаараа хорих ангид ажиллаж байгаа судлаач нар төдийгүй тэр их мэдээллийг тархиндаа агуулж, хэнд ч “ам алдах”-гүй яваа нь бахармаар санагдсан. Олон хүний зовлонг хуваалцаж, хоригдлуудад ээжийнх нь оронд ээж, найзынх нь оронд найз болж, нулимсыг нь арчиж суух тэнхээтэй байна гэдэг агуу юм. Тэр хэрээрээ ч их зөөлөн хүмүүс байдаг юм билээ.

-Зураг авалтын үеэр сэтгэлд тод үлдсэн зураглал юу байв?

-Зураг авалтын үеэр эмэгтэй хорих ангиас суллагдаж гэртээ харьсан нэг охин байсан. Гэтэл гэр бүлийнхэн нь оруулаагүй гээд эргээд ирсэн. Харгалзагч нар мөнгө нийлүүлж тэр охинд Дархан хот руу явах унааны зардал өгч байх жишээтэй. Яг үнэндээ хэн нэгэн хуулиар хүлээсэн эцэг эх байх үүргээ биелүүлээгүйн төлөө албан хаагч нар хариуцлага үүрэх албагүй санагдсан. Ялаа эдэлсэн үү эдэлсэн, баяртай гээд л тэдний ажил дуусах ёстой байтал удаан хамт байснаараа түүнийг илүү ойлгож, хүн ёсоор хандаж “Битгий эргэж ирээрэй, сайн сайхан яваарай” гээд тэврээд, гоё үг хэлээд гаргаж байсан. Ер нь л хүн ёсны харилцаа маш их байдаг. Хоол идэхдээ хүртэл хамт суугаад “Хоол нь яаж байна, та нар ямар байна” гэх зэргээр сэтгэл санааны байдлыг нь хуваалцаж харагддаг.

-Дараа дараагийн ангид юу гарах бол гэсэн хүлээлт төрж байна?

-Алба хаагчдын тухай тал бүрээс нь харуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шийдвэр гарснаас хойш улсыг, иргэнийг хохиролгүй болгохоор ажиллаж байгаа ажлын явцыг харуулахаар судалгааны ажлаа хийж байна.

-Редакц удирдахын зэрэгцээ бүтэн нэг жилийн турш кино багт ажиллана гэдэг амаргүй. Унаж босох олон ч өдөр таарсан байх. Энэ бүхнийг хэцүү гэхээс илүү зоригтой алхам байжээ гэж би хувьдаа харж байна. Анхны зураг авалтаа хийгээд явж байхад юу бодогдов?

-Олон ангит кино зураг авалт хийхтэй дүйцэхүйц мэргэжлийн, ур чадвараараа үнэлэгдсэн зураглаачдаар багаа бүрдүүлсэн. Манай салбарынхан их нээлттэй хүмүүс байдаг тул анхнаасаа тэднийг удирдах бодлого нь энгийн байх ёстой гэсэн зарчим баримталсан. Мөн насны хувьд надаас ах хүмүүс тул би тэдэнд заах нь илүүц гэж бодсон. Хоёрт, яг үнэндээ би юу хийчих вэ гэж бодогдсон шүү (инээв). Тэгээд эхлүүлсэн ажлаа дуусгая, үр дүнг нь харъя гэж шийдсэн. Олон хоног уйлсан, олон ч маргаан зөрчил гарсан, тэр хэрээр олон шүүмж дагуулсан даа. Гурван Засгийн газар дамжихдаа хоёр Засгийн газраас нь “Гаргахгүй, байж бай” гэдэг эсэргүүцэлтэй нүүр тулж, дарга нарын үүд сахин, буцсан өдрүүд ч олон байлаа. Багийнхаа 23 залуу, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Зөвлөлийнхөн 50 гаруй хүний хийсэн бүтээл шүү дээ. Хоёр сайдын нүүр үзэж, хамгийн сүүлд Амарсайхан сайдыг “Урьдчилан сэргийлэх чиглэлд маш том ажил хийсэн байна” гэж хэлэхэд маш их баярласан.

-Урмын үг урагш түлхэх хүч болсон байх даа?

-Тийм шүү, хөлөө жийгээд суусан даа. Энэ бүтээлээ цаасан дээрх төслөөс, зохиолоос нь эхлээд хүмүүсийн яриагаар баяжуулж, Эрүүгийн хуулийн өөрчлөлт анхан шатны нэгжид хэрхэн тусаж байгааг харууллаа. Маш олон хуульч, цагдаа нар, хуулийн чиглэлээр ажилладаг хүмүүс, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, суралцагч оюутнууд энэ киног үзэх хэрэгтэй. Тухайн хүн ямар хэрэг хийгээд ямар ял авсныг хуулийн зүйл заалттай нь тодорхой өгүүлсэн. Үүнийг 10, 20 жил өнгөрөхөд хэн ч өөрчлөх боломжгүй, үнэ цэнээ хадгалаад л байх болно. Өөрөөр хэлбэл, хуулийг иргэдийн нулимсаар өгүүлж, бодит амьдралыг хальсанд буулгасан.

-Киноны “Ээжийгээ уучлаарай” гэдэг хэсэг өр эмтэрмээр өгүүлэмжтэй байсан. Чиний хувьд?

-Эмэгтэйчүүдэд хэт их ачаа байна. Хорих ангийнхны хэлж байгаагаар, “Хөөрхий, нэг эмэгтэй олон хүүхдээ тэжээх гээд цалин нь хүрэхгүй болохоор хүнээс мөнгө зээлдэг, гэтэл буцаан төлж чадаагүйн улмаас залилангийн хэргээр баривчлагддаг, ял авдаг” гэсэн. Олон хүүхэдтэй ээж, эсвэл жирэмсэн байхдаа залилангийн хэргээр ороод ирсэн бүсгүй ч бий. Хүүхэд нь хэлд орж амжаагүй, тэр бүү хэл сайн алхаж ч сураагүй байхад нь 2 нас хүрлээ гээд ээжээс нь салгаад аваад явчихаар ээжид нь хэцүү байх нь мэдээж. Ийм дүр зургийг хорих ангийн дарга хүртэл өрөөнийхөө хөшгийг хаагаад харж чаддаггүй юм билээ. Хүүхэд нь уйлаад, ээж нь уйлаад, зураг авалт хийж байгаа бид нар ч уйлаад, хоёр ч удаа энэ хэсгийг авсан. Хүүхдийн дуу гарахад л хүнд санагдаад, хоолой дээр юм тээглээд, зураг авалтын баг хүнд мэдрэмж авч ажлаа дуусгасан. Ээж, хүүхдийг уйлуулах амаргүй байсан ч хүнд хүргэх бүтээл учраас бүгд л даваад гарсан даа. Одоо хүртэл хүүхдийн дуу сонсоход л гол зураад болдоггүй, “Нөгөө хүүхэд мань гайгүй байгаа даа, ээжээс нь салгаад аваад явчихсан” гэж бодогддог.

Хөөрхий, нэг эмэгтэй олон хүүхдээ тэжээх гээд цалин нь хүрэхгүй болохоор хүнээс мөнгө зээлдэг, гэтэл буцаан төлж чадаагүйн улмаас залилангийн хэргээр баривчлагддаг, ял авдаг” гэсэн. Олон хүүхэдтэй ээж, эсвэл жирэмсэн байхдаа залилангийн хэргээр ороод ирсэн бүсгүй ч бий. Хүүхэд нь хэлд орж амжаагүй, тэр бүү хэл сайн алхаж ч сураагүй байхад нь 2 нас хүрлээ гээд ээжээс нь салгаад аваад явчихаар ээжид нь хэцүү байх нь мэдээж. 

-Хүүхдийн эрхийн тухай энд яригддаг уу?

-Ээжтэйгээ л байвал ямар ч орчинд хүүхэд жаргалтай гэдэг дээ. Энэ утгаараа хүүхдийн эрхийг зөрчиж байна уу гэвэл тийм. Бодит байдал дээр ээжтэй нь хамт байлгах хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул хоёр настай хүүхдийг уйлуулаад л аваад явчихдаг юм билээ. Тухайн хүүдийг 4-5 нас хүртэл ээж нь энгэртээ тэвэрч, элгэндээ нааж, хоолоо өөрөө идэж, биеэ даах хэмжээнд хүргэчихээд ээж нь удахгүй ингээд гарна гэх зэргээр хүүхдээ гаргадаг бол арай өөр. Хоёр настай өөрийгөө ч ойлгоогүй хүүхдийг өөр нэг орчинд аваад явчихаар ял эдэлж байгаа эх хүн давхар ял эдэлж байгаагаас өөрцгүй санагдсан. Энэ талаар өөрчлөлт оруулах санал гаргаад дэмжигддэггүй гэж холбогдох хүмүүс ч хэлж байсан.

- “ASU.mn”-ийн дараагийн хийх үнэ цэнтэй бүтээл юу байх вэ? Сэтгүүлч хүний өнцгөөс энэ олон эх сурвалжтай газар дээр нь уулзаж явсны хувьд юуг хэлмээр санагдаж байна?

-Дахин гурван цуврал анги хийхээр төлөвлөж, төслүүд дээрээ ажиллаж байна. Ямартаа ч дараагийн ангиа хүүхдийн эрх сэдвээр хийнэ. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд эцэг эхчүүдэд маш их зүйл ойлгуулах ёстой. Эцэг эхчүүдийн хариуцлага дутмаг байгааг бүтээлээр харуулна. Хувийн жаргалаа хөөгөөд өөр хүнтэй суугаад явчихдаг, хайхардаггүй, утас бариулаад орхидог байдал нь хүүхдийг ганцаардуулж, гэмт хэрэг рүү түлхэх шалтгаан болж байна. Хүүхдийн хүмүүжил гэдэг монгол ухаанд маш том суурь ойлголт байдаг. Гэтэл өнөөгийн эцэг эхчүүд түүнийг ухамсарлаж амжихгүй байна. Хүүхэд багаасаа юу сонсож өснө, эцэг эхийн хайр халамжийг хэр хүртнэ тэр хэрээр хүмүүжил төлөвшил нь тогтдог бол энэ бүхнийг амсаагүйгээс гэмт хэрэгтэн болчихоод байгаа юм. Эцэг эхчүүдэд энэ талаар бага ч болов ойлголт өгч чадвал тэр л миний сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч мэргэжлээр ажилласны үнэ цэн байх болно.

"ҮНЭ ЦЭН" баримтад киног бүх IPTV-ээр хүлээн авч үзээрэй...

Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 10 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц