“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг шалгалаа. Энэ хүрээнд ТЭЗҮ-ийн тодотгол болон хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг эрчимжүүлж, 11-р сард багтаан эцэслэх чиглэл өгсөн талаар Н.Учрал мэдээлэв.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг бодит ажил хэрэг болгохын тулд шаардлагатай бэлтгэл ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд цахилгаан, ус, авто зам зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, стратегийн хөрөнгө оруулагч компанийг сонгон шалгаруулжээ. Одоо хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшил, барилга угсралтын гэрээ хэлцлийг эцэслэн, бүтээн байгуулалтын шатанд шилжих шаардлагатай байгааг онцоллоо. Урьдчилсан төлөвлөлтөөр үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Ингэснээр зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэх юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 7000 гаруй уурхайчин, инженер, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлд талархал илэрхийлэв.
Эх сурвалж: Цахиур.мн