Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон зээлийн санхүүжилтийн талаар аймгийн ХХААГ-ын дарга С.Даваадоржтой ярилцлаа.
-Орхон аймагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зээлийн санхүүжилт ямар хэмжээнд хүрээд байна вэ?
- 2021 оноос Жижиг, дунд үйлдвэрийн газраас аймгуудад зээл олгож эхэлсэн. Манай аймаг үүнээс өмнө ЖДҮ эрхлэгчдэд 300-900 сая төгрөгийн санхүүжилт олгож байсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бодлогын хүрээнд орон нутгийн төсөв болон сангийн эх үүсвэрийг нэгтгэн, хамтарсан санхүүжилтээр зээл олгодог. Үүний дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгийн Засаг дарга хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. 2026 онд орон нутгийн төсвөөс 1.5 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийн газраас 3 тэрбум төгрөгийн санхүүжилт нийт 4.5 тэрбум төгрөгийн зээлийг Орхон аймгийн 21 ЖДҮ эрхлэгчдэд олгосон. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд олгогдсон хамгийн өндөр дүнтэй санхүүжилт юм.
- Энэ жилийн зээлийн хөтөлбөрийн онцлог юу байв?
-Зөвхөн Орхон аймагт бүртгэлтэй бизнес эрхлэгчид ЖДҮ-ийг дэмжих зээлд хамрагддаг. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зээлийн сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд цахимаар зохион байгуулсан. Өмнөх жилүүдэд хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэгчид энэхүү зээлд хамрагддаг байсан бол энэ жилээс эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарыг нэмж хамруулсан.
Тухайлбал, эрүүл мэндийн салбарын гурван аж ахуйн нэгж, махны болон бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах зэрэг чиглэлийн бизнес эрхлэгчид хамрагдсан. Өмнөх жилүүдэд 10 хүртэлх аж ахуйн нэгжид зээл олгодог байсан бол энэ жил 21 аж ахуйн нэгжид зээл олгосон нь санхүүжилтийн хүртээмж нэмэгдсэнээс гадна орон нутагт үйлдвэрлэл ажлын байр болж буй үр дүнг харуулж байна.
-Зээлд ямар шалгуур тавьдаг вэ?
-Бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгох журмын дагуу тодорхой шалгуур тавьдаг. Тухайлбал, нийгмийн даатгал төлдөг 1-9 ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 2 тэрбум төгрөгөөс бага байх шаардлагатай. Мөн нийгмийн даатгал, татвар болон банкинд хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг шалгуур бий. Зээлийг жилийн 5 хувийн хүүтэй, найман жилийн хугацаатай олгож байгаа нь Монгол Улсад олгогдож байгаа зээлүүдээс хамгийн бага хүүтэй нь юм.
-ЖДҮ-ийг дэмжих зээлийн орон нутагт олгох санхүүжилтын дээд хязгаарыг тогтоосон байдаг. Нэмэгдүүлэх боломж бий юу?
-Одоогийн журмаар орон нутагт ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийн дээд хэмжээг 300 сая төгрөг байна гэж заасан байгаа. 2017 онд батлагдсан зээлийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал энэ цаг үед яригдаж байна. Орхон аймгийн хувьд орон нутагт олгох зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн. Хэрэв бидний энэхүү санал журамд тусгагдан батлагдвал бизнес эрхлэгчдийн авах зээлийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.
-Өмнөх жилүүдэд олгосон зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?
-2020 оноос хойш 50 гаруй бизнес эрхлэгчдэд нийт 10 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Нэг зээлдэгчээс бусад нь зээлийн эргэн төлөлтөө хэвийн хийж байгаа. Хугацаа хэтэрсэн зээлтэй нэг аж ахуйн нэгжийн асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандаад ажиллаж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч байгааг зарим бизнес эрхлэгч хэлдэг. Гэсэн хэдий ч энэхүү зээл нь жилийн 5 хувийн хүүтэй, урт хугацааны нөхцөлөөр олгогдож байгаа хамгийн урт хугацаатай, хүү багатай зээл. Тэр ч утгаараа бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж байна.
-Цаашид орон нутгийн бизнес эрхлэгчдийг ямар чиглэлээр түлхүү дэмжих шаардлагатай гэж үзэж байна вэ?
- Орхон аймагт ЖДҮ-ийн ангилалд багтах 100 гаруй бизнес эрхлэгч бий. Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа нь тогтвортой байх хамгийн чухал. Нөгөө талдаа дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь Хятад улсаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнээс хямд байна гэдэг хүнд. Тиймээс салбарын яамнаас хүнсний хангамжийг бүрдүүлэх өөрөөр хэлбэл, өндөг, мах гэх мэт хүнсний стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой гэсэн бодлого барьж, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдээ дэмжихийг зорьж байна.
Мэдээллийн төв