© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Хүүхдийн аюулгүй байдал гэдэг хэн нэгний нэр хүнд, албан тушаал, цахим орчинд өрнөж буй маргаанаас дээгүүр тавигдах ёстой асуудал
Хүүхдийн аюулгүй байдал гэдэг хэн нэгний нэр хүнд, албан тушаал, цахим орчинд өрнөж буй маргаанаас дээгүүр тавигдах ёстой асуудал

Хүүхдийн аюулгүй байдал, хүний мөн чанар, хариуцлагын тухай эргэцүүлэл

Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрсэн энэ үед “Хүн чанартай л байх юмсан” гэж бодогдох боллоо. Дээд, доодгүй нэгнээ шүүмжилж, улс төрчдийн үйлдэл олон нийтийн маргааны сэдэв болж, цахим орчинд хүмүүс талцан маргалдах зуур бидний эргэн тойронд хүн чанар, хариуцлагатай холбоотой олон асуудал хөвөрсөөр байна. Хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх тухай яриа энэ бүх шуугиан дунд орхигдсон мэт санагдана. Хариуцлага нэхдэг, тооцдог байцгаая. Энэ сард боловсролын салбарт хэд хэдэн анхаарал татахуй гурван үйл явдал болов. Зургаадугаар ангийн сурагч урлагийн үзлэгийн давтлагаа хийж дуусаад гэртээ харих замдаа зам тээврийн осолд орж, харамсалтайгаар амь насаа алдсан юм. Бяцхан охины амь нас эрсэдсэн энэ эмгэнэлт явдлын дараа маргааш нь буюу аравдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн VI ангийн сурагч шатнаас унаж, толгойдоо хүнд гэмтэл авчээ. Одоогоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Хоёр өдөр дараалан хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой харамсалтай үйл явдал тохиолоо. Энэ үед бид урлагийн үзлэг зохион байгуулах нь зөв байсан эсэх, хэн буруутай талаар маргалдахаас гадна хүүхдүүдээ хэрхэн хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, осол гарсан үед ямар арга хэмжээ авах ёстой талаар нухацтай бодох учиртай биш үү?

   Хүүхдийн аюулгүй байдал гэдэг хэн нэгний нэр хүнд, албан тушаал, цахим орчинд өрнөж буй маргаанаас дээгүүр тавигдах ёстой асуудал. Гэтэл хүүхэд хүнд гэмтэл авч, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй энэ цаг үед бид юуг хамгийн түрүүнд ярьж байна вэ? Хариуцлагыг нь тогтоохын оронд хэн буруутайг маргалдаж, хэн нэгний байр суурийг хамгаалах, эсвэл шууд буруутгах гэж яарах нь зөв үү? Хүүхэд амь насаа алдсан, нөгөө нь хүнд гэмтэл авсан энэ хоёр үйл явдлын дараа олон нийтийн анхаарал урлагийн үзлэг зохион байгуулах нь зөв байсан эсэх, хүүхдүүдийг ямар тайзан дээр оролцуулсан тухай маргаанд төвлөрч байна. Мэдээж аливаа арга хэмжээний зохион байгуулалт, хүүхдийн аюулгүй байдал, хариуцлагын асуудлыг хэлэлцэх нь чухал. Гэхдээ энэ бүхний цаана бидний анзаарах ёстой илүү том асуудал бий. Тэр нь хүүхэд бүрийг эрсдэлээс хамгаалах тогтолцоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, осол гарсан тохиолдолд үзүүлэх тусламж, хариуцлагын бодит хэрэгжилт юм.

    Монголчууд биднийг уужуу тайван, өрөвч нинжин сэтгэлтэй ард түмэн гэж ярьдаг. Харин өнөөдөр бидний тэр зан чанар хаачив? Шатахууны хомсдолын үед литр бүрийг хязгаарлаж, дараалалд зогсохтой адил хүнлэг сэтгэл маань ч нөөцлөгдөөд, хэрэгтэй үедээ гарч ирэхээ больсон юм биш биз? Бизнес эрхлэгчид өр зээл, хүүгийн дарамтад орж, олон хүн амьдралынхаа төлөө тэмцэж буй энэ үед бидний сэтгэл ч бас хатуурч, бусдын зовлонг өөрөөсөө хол зүйл мэт хүлээн авдаг болсон юм биш биз? 

Энэ сарын 24-нд болсон үйл явдлын талаар аймгийн Боловсролын газраас тодруулахад, сурагч хичээлээ тараад шатны бариулаар гулсаж байхдаа хөл алдан унасан гэж тайлбарлав. Тухайн үед биеийн байдал нь хэвийн байсан тул гэртээ харьсан ч оройдоо толгой нь өвдөж, БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт ханджээ. Улмаар хүнд гэмтэл авсан нь тогтоогдож, хагалгаанд орсон байна. Энэ мэдээллийг уншаад танд хамгийн түрүүнд ямар бодол төрж байна вэ? “Хүүхэд өөрөө л уначихсан юм байна” гэж бодож байна уу? Эсвэл “Хүүхэд сургууль дээрээ гэмтсэн байхад ямар арга хэмжээ авсан бэ, эрсдэлийг урьдчилан тооцох боломж байсан уу, гэмтлийн шинж тэмдэг илэрмэгц тусламж авахад анхаарсан уу?” гэж асууж байна уу? Эдгээр асуултад баримтад тулгуурлан хариулах шаардлагатай. Хүүхэд өөрөө унасан байлаа ч сургуулийн орчны аюулгүй байдал, шатны хийц, сурагчдын аюулгүй зан үйлийн талаарх зааварчилгаа, ослын үед авах арга хэмжээ зэргийг шалгах ёстой. Харин хэн нэгний буруутай үйлдэл байсан эсэх, хариуцлага хүлээх үндэслэл байгаа эсэхийг холбогдох байгууллагын шалгалт, бодит баримтаар тогтоох учиртай.

   Аймгийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр, сургуулийн камерын бичлэгт хүүхдийг өөр хүн гэмтээсэн нөхцөл байдал илрээгүй бөгөөд өөрөө унасан болох нь тогтоогдсон байна. Мөн тус газраас ажлын хэсэг гаргаж, тухайн үед хариуцлагатай жижүүр хийж байсан сургуулийн менежер болон сургуулийн удирдлагын хариуцлагын асуудлыг авч үзэхээр болжээ. Энэ бол холбогдох байгууллагаас өгсөн тайлбар бөгөөд эцсийн дүгнэлт, хариуцлагын үндэслэлийг баримтаар нягтлах нь чухал. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Хүүхэд өөрөө осолд орсон нь сургуулийн орчин дахь аюулгүй байдлын асуудлыг хаах үндэслэл биш. Нөгөө талаар хүүхэд гэмтсэн гэдэг шалтгаанаар тодорхой хүнийг баримтгүйгээр шууд буруутгах нь ч шударга бус. Бидэнд хэрэгтэй зүйл бол хэн нэгнийг цахим орчинд яллах биш, болсон үйл явдлын үнэн зөвийг тогтоож, алдаа дутагдлыг илрүүлэн, дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх явдал юм. Гэтэл яг энэ үед Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирлаар ажиллаж буй, өмнө нь аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байсан О.Ариунгэрэлт аравдугаар сарын 28-ны өдөр цахим хуудсандаа “Уг нь гүтгэх, шүүмжлэх хоёр ялгаатай л гэж болох юм...” хэмээн нийтэлжээ. Шүүмжлэл, гүтгэлэг хоёр мэдээж ялгаатай. Баримтад тулгуурласан шүүмжлэл бол аливаа байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чухал нөлөөтэй. Харин худал мэдээлэл тараах, үндэслэлгүйгээр буруутгах нь хэний ч эрх ашгийг хохироож болно. Гэхдээ хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал үүссэн үед олон нийтийн анхаарлыг зөвхөн шүүмжлэл, гүтгэлэг хоёрын ялгаанд төвлөрүүлэх нь хангалттай юу? Сургуулийн удирдлагын хувьд нийгэмд эргэлзээ төрсөн асуудалд баримтад тулгуурлан тайлбар өгч, хүүхдийн биеийн байдлын талаар мэдээлэх боломжтой хүрээнд мэдээлж, цаашид ямар арга хэмжээ авч байгаагаа ойлгомжтой хүргэх нь чухал. Энэ нь өөрийгөө хамгаалах, буруугаа хүлээх тухай асуудал биш. Харин хүүхэд, эцэг эх, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг юм.

   Бид насанд хүрсэн хүнийг хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай гэж үздэг. Тэгвэл насанд хүрэгчид хүүхдийн өмнө хүлээх хариуцлагаа хэрхэн ойлгож байна вэ? Хүүхэд эрсдэлтэй орчинд байгаа эсэхийг хянах, ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах нь зөвхөн нэг багш, нэг жижүүрийн асуудал биш. Энэ бол сургуулийн удирдлага, боловсролын байгууллага, эцэг эх, нийгмийн хамтын хариуцлага юм. Хүүхдийн эрх, аюулгүй байдлын тухай бид баяр ёслолын үеэр, сургалтын шинэ жил эхлэхэд, харамсалтай хэрэг гарсны дараа л ярьдаг байж болохгүй. Хүүхэд бүр сургуульдаа айдасгүй суралцаж, хичээлээ тараад гэртээ эсэн мэнд харих эрхтэй. Энэ бол хэн нэгний үзэмжээр олгодог давуу эрх биш, хүүхдийн эдлэх ёстой үндсэн эрх юм. Өнөөдөр бидний нийгэмд маргаан, шүүмжлэл, талцал хангалттай байна. Харин бусдын зовлонг ойлгох, хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх, асуудлыг баримтаар шийдэх, хариуцлагаас зугтахгүй байх хандлага илүү хэрэгтэй байна. Хүн чанар гэдэг зөвхөн өрөвдөж харамсах сэтгэлээр хэмжигдэхгүй. Бусдын эрх ашгийг хамгаалах, алдааг засах, хариуцлагаа ухамсарлах бодит үйлдлээр илэрдэг.

  Бид шатахуун, мөнгө, боломжийн хомсдолд орж болох ч хүн чанарын хомсдолд орох учиргүй. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэн нэгний нэр хүндийн маргаан болгон хувиргахгүй байх нь ч бидний хүн чанарын нэг илэрхийлэл юм. Хүүхэд өөрөө унасан уу, хэн нэгэн буруутай юу гэдгээс үл хамааран бидний хамгийн түрүүнд асуух ёстой асуулт бол: “Дахин ийм зүйл гаргахгүйн тулд бид юу хийх ёстой вэ?” гэсэн асуулт юм.Хүн чанар гэдэг бусдыг буруутгахаас өмнө ойлгох, өөрийгөө хамгаалахаас өмнө хариуцлагаа ухамсарлах, харамсахаас өмнө урьдчилан сэргийлэх чадвар билээ. Бид энэ чанараа алдахгүй байхын төлөө өнөөдрөөс эхлэн өөрөөсөө асуух цаг болжээ.

/ 3 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц